Украины батлан хамгаалахын технологийн “Wild Hornets” компани дайсны нисгэгчгүй онгоцыг илрүүлж, устгахад зориулагдсан Sting нэртэй дроныхоо шинэ хувилбарыг олон нийтэд дэлгэлээ. Тус төхөөрөмж нь цагт 300 км-ээс дээш хурдлах чадвартай болсон байна.
Даваа гарагт “Wild Hornets” компанийн зүгээс шинэ загварын туршилтын нислэгийн бичлэгийг нийтэлж, түүний дээд хурд 315 км/цаг хүрч байгааг харуулжээ. Энэ үзүүлэлт нь суман галт тэрэгний ердийн хурдтай ойролцоо юм.
Оросын тал Ираны “Шахед” загварт суурилсан дронуудыг Украины эсрэг байнга ашиглаж байгаа бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем тэдгээрийг бүрэн зогсоож чаддаггүй хэвээр байна. Одоогоор Оросын дотооддоо үйлдвэрлэж буй “Шахед-136” загварын дроны дээд хурд 185 км/цаг байдаг.
2024 оны намар анх танилцуулагдсан Sting дроны эхний хувилбарын хурд 160 км/цаг орчим байсан бол шинэчлэгдсэн загвар нь энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлжээ. “Wild Hornets” компанийн мэдээлснээр, шинэ дроны нэг бүрийн өртөг ойролцоогоор $2,500 бөгөөд туршилтын шатанд 100 орчим “Шахед” дроныг устгасан байна.
Өнгөрсөн долдугаар сард Оросын арми Украины хотуудад нийт 6,000 гаруй “Шахед” дрон ашигласан тухай мэдээлэл бий. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “улс орон өдөрт 1,000 дрон үйлдвэрлэх зорилт тавьсан” гэж мэдэгдсэн байдаг.
Одоогийн байдлаар Украины агаарын зэвсэгт хүчин дайсны “Шахед” дронуудын 86–89 хувийг замаас нь устгаж байгаа ч сар бүр хэдэн зуун төхөөрөмж зорьсон газартаа хүрсээр байна.
Мөн Оросын батлан хамгаалахын салбар өөрийн дроны технологийг сайжруулж байгаа бөгөөд сүүлийн үед “Шахед”-ын тийрэлтэт хөдөлгүүртэй хувилбарын туршилт явагдаж буй тухай мэдээлэл гарсан. Хэрэв энэ үнэн бол шинэ дрон цагт 800 км хүртэл хурдлах боломжтой болж магадгүй юм.