Сүүлийн үед повер банктай холбоотой гарсан хэд хэдэн галын ослын дараа Хятадын эрх баригчид лити-ион төрлийн батарей үйлдвэрлэгчдээс заавал аюулгүй байдлын гэрчилгээ авахыг шаарддаг журам нэвтрүүлжээ.
Шинэ шаардлагын дагуу Хятадын зах зээлд ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түгээхдээ CCC (China Compulsory Certification) буюу “3C” гэрчилгээтэй байх ёстой. Энэ талаар тус улсын Зах зээлийн зохицуулалтын төрийн удирдлагын газар мэдээлэв.
Журамд өмнө үйлдвэрлэгдсэн гэрчилгээгүй төхөөрөмжүүдийг шууд хориглоогүй ч нийтийн тээврийн хэрэгсэл болон олон нийтийн газарт хэрэглэхийг цаашид хязгаарлах үндэс байж болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Хятадын иргэний агаарын тээврийн захиргаа аль хэдийн ийм төрлийн батарейг онгоцонд ашиглахыг хориглоод байгаа.
“3C” гэрчилгээг олгодог тогтолцоо өмнө нь бий болсон ч үйлдвэрлэгчдэд заавал шаардаж байгаагүй. Гэвч энэ удаад стандартын мөрдөлтийг хатуу болгож эхэллээ.
Шэнжэн хотын Romoss Technology компанийн үйлдвэрлэсэн повер банктай холбоотой галын тохиолдлууд давтагдсаны дараа тус компани үйлдвэрлэлээ зогсоох хүртэл арга хэмжээ авчээ. Тухайлбал, Бээжингийн нэгэн их сургуулийн дотуур байранд болон Хонконг чиглэлийн нислэгт галын осол бүртгэгдсэн байна.