Хятад улс дэлхийн анхны хоёр цамхагтай нарны дулааны цахилгаан станцыг говь цөлд ашиглалтад орууллаа. Энэхүү томоохон төслийг “Гурван хавцал” корпораци хэрэгжүүлсэн бөгөөд станц нь сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ түвшний технологийн шийдэл болж байна.
Говийн нар, дэлхийн анхны шийдэл
Хятадын хойд хэсэгт орших говь нь дэлхийд хамгийн хуурай, нарны цацрагийн хувьд хамгийн баялаг бүс нутагт тооцогддог. Жилд 3000 гаруй цагийн турш нарлаг байдаг тул нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой орчин юм.
Шинэ цахилгаан станц нь 27 мянган гелиостат толь бүхий талбайд байрласан 200 метрийн өндөртэй хоёр цамхагтай. Толинууд нарны гэрлийг цамхаг дээр төвлөрүүлж, температур 570°C хүрдэг бөгөөд энэ дулаанаар уур үүсгэж, турбиныг ажиллуулна. Ийнхүү нар жаргасны дараа болон бүрхэг өдрүүдэд ч цахилгаан үйлдвэрлэх боломж бүрдэж байна.
Давхар цамхагийн инноваци
Хоёр цамхагийн систем нь уламжлалт нэг цамхагтай загвараас ойролцоогоор 25%-иар илүү үр ашигтай.
- Зүүн цамхаг өглөөний нарны гэрлийг хүлээн авдаг бол
- Баруун цамхаг үдээс хойших гэрлийг төвлөрүүлдэг.
Энэ зохион байгуулалт нь нарны хөдөлгөөнийг илүү оновчтой ашиглаж, цахилгаан үйлдвэрлэлийг жигд байлгах нөхцөл бүрдүүлдэг.
Зардлын оновчлол ба үр ашиг
Хэлиостат буюу нар дагагч толинууд нь нийт зардлын 60%-ийг эзэлдэг. Харин хоёр цамхагийн талбаруудыг уялдуулан байрлуулснаар толины тоог бууруулж, барилгын нийт өртгийг хэмнэх боломжтой болжээ.
Хятадын сэргээгдэх эрчим хүчний өсөлт
Шинэ станц нь Хятадын говь цөл дэх сэргээгдэх эрчим хүчний “супер бүс”-ийн нэг хэсэг юм. Нар, салхины эрчим хүчний олон байгууламжууд хамтдаа жилд хагас сая гаруй айл өрхийг цахилгаанаар хангах чадалтай.
Одоогоор Хятадад нийт 1.57 сая кВт хүчин чадалтай 21 арилжааны нарны дулааны станц ажиллаж байгаа бөгөөд баригдаж буй 30 гаруй төслөөр 3.1 сая кВт нэмэлт хүчин чадал бий болно.
Ийнхүү Хятад улс нарны төвлөрсөн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа баталгаажуулж байна.