Telegram-ын үүсгэн байгуулагч Павел Дуров төрсөн өдрөөрөө дэлхий нийтэд хандан интернетийн эрх чөлөөг хамгаалахыг уриалж, дижитал дарангуйллын аюул улам ойртож байгааг анхааруулсан мэдэгдэл хийжээ.
Дуровын төрсөн өдрийн манифест
10-р сарын 10-нд 41 нас хүрсэн тэрбээр баяр тэмдэглэхийн оронд ирээдүйн талаар түгшүүртэй байр сууриа илэрхийлжээ.
“Би 41 нас хүрч байгаа ч баяр тэмдэглэх хүсэл алга. Бидний үеийнхэн эцэг эхийн маань бүтээсэн үнэгүй интернетийг аврах боломжоо алдаж байна. Нэгэн цагт мэдээлэл солилцох чөлөөт орон зай байсан зүйл өнөөдөр хяналтын хэрэгсэл болон хувирч байна” гэж Дуров бичсэн байна.
Түүний хэлснээр, урьд нь “эрх чөлөөтэй” гэж тооцогдож байсан орнууд хүртэл дижитал хяналт, хязгаарлалтын арга хэмжээг нэвтрүүлж эхэлжээ. Үүнд:
- Их Британи – дижитал үнэмлэхийн систем;
- Австрали – онлайн насны баталгаажуулалт;
- Европын Холбоо – хувийн мессежийг бөөнөөр нь сканнердах журам багтаж байна.
Дуров мөн Германд төрийн албан тушаалтныг шүүмжилсэн хүмүүсийг шүүж, Их Британид сэтгүүлчдийг нийтлэлээс нь болж хорьж, Францад хувийн нууц, эрх чөлөөг хамгаалагч технологийн удирдагчдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байгааг онцолжээ.
“Биднийг унтаж байх хооронд харанхуй, дистопи ертөнц улам ойртож байна. Бидний үеийнхэн эрх чөлөөг хамгийн сүүлд эдэлж, дараагийн үе эрх чөлөөгүй түүхэнд үлдэх эрсдэлтэй” гэж тэр анхааруулсан байна.
“Бид худал хуурмаг зүйлээр амьдарч байна”
Дуровын хэлснээр, өнөөгийн нийгэм хүмүүсийг “худал мэдээлэл, хиймэл үнэн”-ээр тэжээж байгаа бөгөөд энэ бүхний зорилго нь өмнөх үеийн бүтээсэн үнэт зүйлсийг — хувийн нууц, бүрэн эрхт байдал, чөлөөт зах зээл, үг хэлэх эрх чөлөөг — устгах явдал гэжээ.
“Тиймээс би өнөөдөр тэмдэглэхгүй. Миний цаг дуусч байна. Бидний цаг дуусч байна” хэмээн тэр бичжээ.
Төрийн хяналт ба Telegram-ийн байр суурь
Павел Дуровын хувьд интернетийн эрх чөлөөг хамгаалах байр сууриа илэрхийлж байсан нь анхны тохиолдол биш юм. Тэрээр Telegram-ийг цензургүй, бие даасан платформ хэвээр хадгалах амлалтаа олонтоо давтаж ирсэн.
Саяхан Францад байх үедээ тэрбээр тус улсын аюулгүй байдлын байгууллагууд түүнийг Молдавын сөрөг хүчний суваг хаахыг шаардсан гэж мэдэгдэж, дараа нь хууль зүйн туслалцаа үзүүлэх санал авсан тухай дурдсан.
Өнгөрсөн онд Дуровыг Парисын ойролцоох Ле Бурже нисэх буудалд баривчилж, Telegram-тэй холбоотой 12 төрлийн хэрэгт буруутгасан байна. Эдгээрт:
- насанд хүрээгүй хүүхдийн садар самуун зураг хадгалсан, түгээсэн;
- хар тамхи худалдаалсан;
- 5.6 сая ам.доллартай тэнцэх хакерын хөтөлбөр ажиллуулсан зэрэг зүйлс багтжээ.
Түүнийг хэд хоног байцаасны дараа сулласан юм.