Хиймэл оюун ухаанд зориулагдсан авсаархан хүчирхэг систем
NVIDIA компани ширээний компьютерийн хэмжээнд багтсан, хиймэл оюун ухаанд зориулагдсан хамгийн жижиг суперкомпьютер болох DGX Spark-ийг албан ёсоор худалдаанд гаргалаа. Загварын үндсэн үнэ 3,999 ам.доллар бөгөөд бүх төхөөрөмж борлогдож, урьдчилсан захиалга хаагдсан байна.
DGX Spark нь компанийн хамгийн сүүлийн үеийн Grace Blackwell архитектур дээр тулгуурлаж, 20 цөмт GB10 супер чип-тэй. Энэ чип нь авсаархан хэмжээтэй хэдий ч нэг петафлоп хиймэл оюун ухааны гүйцэтгэлийг үзүүлэх чадвартай.
Техникийн онцлогууд
Шинэ системд Blackwell GPU, 128 ГБ LPDDR5x RAM, 4 ТБ NVMe хадгалах багтаамж, Wi-Fi 7, HDMI, болон дөрвөн USB-C порт багтжээ. Үүнээс гадна DGX Spark нь NVIDIA NIM, FLUX.1, Cosmos Reason, Qwen3 зэрэг хиймэл оюун ухааны платформуудыг дэмждэг.
Энэхүү төхөөрөмж нь Ubuntu Linux дээр суурилсан NVIDIA DGX OS үйлдлийн системээр ажилладаг бөгөөд хиймэл оюун ухааны даалгавруудыг хамгийн өндөр гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэхэд оновчтой болгожээ.
“ChatGPT-ийн эхлэл DGX-1-ээс үүдэлтэй” — Женсен Хуан
NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр 2016 онд гарсан DGX-1 системийг дурсаж, “Би анхны DGX-1 системийг OpenAI нэртэй жижиг стартап дээр Элонд өөрийн биеэр хүргэж өгсөн. Тэндээс л ChatGPT-ийн түүх эхэлж, хиймэл оюун ухаанд хувьсгал болсон юм” гэжээ.
Тэрээр мөн DGX Spark нь анхны DGX-ийн зорилгыг үргэлжлүүлж буйг онцлон “Бид хөгжүүлэгч бүрийг өөрийн компьютерт хиймэл оюун ухаанд нэвтрэх боломжтой болгож, дараагийн технологийн давалгааг эхлүүлэхийг хүсч байна” хэмээн мэдэгдэв.