Google-ийн хиймэл оюун ухааныг Siri-д нэвтрүүлнэ
Apple компани Apple Intelligence системийг дэмжих зорилгоор Google-ийн Gemini хиймэл оюун ухааны загварын тусгай хувилбарыг ашиглахаар боллоо. Энэхүү гэрээний хүрээнд Apple компани Google-д жил бүр 1 тэрбум доллар төлөх бөгөөд уг технологи нь текстийн хураангуй гаргах, төлөвлөлттэй холбоотой даалгавар гүйцэтгэх зэрэгт ашиглагдана.
Bloomberg-ийн сэтгүүлч Марк Гурманы мэдээлснээр, Apple компани Gemini загварыг өөрийн хувийн Cloud Compute серверүүд дээр байршуулна. Энэ нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангах, өгөгдлийг гуравдагч этгээдээс хамгаалах Apple-ийн бодлоготой нийцэж байгаа аж.
1.2 их наяд параметртэй Gemini загвар
Гурманы мэдээллээр, Apple-ийн ашиглах Gemini хувилбар 1.2 их наяд параметртэй, харин Apple-ийн дотоод Apple Intelligence үүлэн хувилбар нь ердөө 150 тэрбум параметртэй юм. Энэ нь Google-ийн хиймэл оюун ухаан Siri-ийн оюун ухааны түвшинг эрс нэмэгдүүлэх чадамжтайг харуулж байна.
Apple компани үүний зэрэгцээ Siri-д зориулсан өөрийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх бөгөөд хэрэглэгчийн өгөгдөлд тулгуурласан оновчтой хариулт өгөх, илүү хувийн туршлага бий болгох зорилготой.
Шинэ Siri 2026 оны хавар нээлтээ хийнэ
Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдад хандан шинэчлэгдсэн Siri-г ирэх оны хавар худалдаанд гаргана гэж мэдэгджээ. Тэрээр мөн цаашид гуравдагч талын хиймэл оюун ухааны хөгжүүлэгчидтэй (жишээ нь OpenAI, Anthropic) хамтран ажиллахыг үгүйсгээгүй байна.
Apple анх OpenAI болон Anthropic-ийн загваруудыг ашиглахыг судалсан ч Gemini-г илүү тохиромжтой гэж үзэн Google-тэй гэрээ байгуулжээ. Гэсэн ч энэ хамтын ажиллагаа нь ChatGPT эсвэл бусад чатботуудыг шууд Siri-д нэгтгэх төлөвлөгөөтэй холбоогүй байна.
Apple-ийн урт хугацааны зорилго
Bloomberg-ийн мэдээлснээр Apple цаашид гуравдагч талын AI системүүдээс хараат бус болох, өөрийн хиймэл оюун ухааны технологийг бүрэн хөгжүүлэх зорилготой байна. Гэсэн хэдий ч ойрын жилүүдэд Gemini нь Apple Intelligence болон Siri-ийн үндсэн хөдөлгүүрийн нэг хэвээр байх төлөвтэй.