Meta–гийн шинэ хэрэгсэл: анхны Reels-ээ хамгаалах гар утасны “харуул”
Meta компанийн зүгээс Reels бүтээгчдэд зориулсан Facebook-ийн шинэ контент хамгаалалтын хэрэгслийг нэвтрүүлжээ. Энэ нь гар утсан дээр ажилладаг механизм бөгөөд таны анхлан нийтэлсэн Reels-г өөр хүн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглаж байгаа эсэхийг илрүүлэхэд тусалдаг.
Систем ижил эсвэл өндөр түвшний тохирол бүхий видеог олж илрүүлбэл анхны бүтээгчид мэдэгдэл очно. Үүний дараа бүтээгч гурван төрлийн арга хэмжээний аль нэгийг сонгож болно. Нэгд, тухайн видеог Facebook болон Instagram дээр харагдахаас бүрэн хаах. Хоёрт, үзэлт, тархалтыг нь хязгаарлаж хяналтандаа байлгах. Гуравт, хуулбарласан бичлэг дээр анхны видеог чиглэсэн холбоос нэмж оруулах боломжтой.
Хэрэв бүтээгч хүсвэл огт нэхэмжлэл гаргалгүй, тухайн видеог ашиглахыг зөвшөөрөн үлдээх сонголт ч нээлттэй байна.
Meta-ийн тайлбарласнаар энэ хэрэгсэл нь Reels-ийн анхны бүтээгчдийг хамгаалах өргөн хүрээтэй, удаан хугацааны бодлогын нэг хэсэг юм. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард тус компани алдартай контент бүтээгчдийн дүрд хувирч, тэдний нэр, имижийг ашиглаж байсан ойролцоогоор 10 сая профайлыг устгаж, спам, хуурамч харилцаанд оролцсон 500 мянга орчим бүртгэлд арга хэмжээ авсан байдаг.
Facebook болон Instagram Reels-ийг зэрэг хамгаална
Шинэ хамгаалалтын систем нь зөвхөн Facebook-д байршуулсан Reels бус, Instagram-д нийтлэгдсэн видеог ч хамардаг. Гэхдээ нэг нөхцөлтэй — тухайн Reels-ийг Facebook дээр гараар нийтлэх эсвэл “Facebook дээр хуваалцах” тохиргоогоор дамжуулан түгээсэн байх шаардлагатай.
Ийм зохицуулалт нь бүтээгчдийг контентоо Facebook дээр давхар байршуулах, олон сувгаар түгээхэд тодорхой хэмжээгээр түлхэц өгөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Reels-ээ Facebook-д ч идэвхтэй хуваалцсанаар хамгаалалтын системийн давуу талыг бүрэн эдлэх боломжтой болно.
Facebook-ийн контентыг мөнгөжүүлэх хөтөлбөрт хамрагдсан, мөн бүтээлийн өвөрмөц байдал, бүрэн бүтэн байдлын шалгууруудыг хангасан Reels бүтээгчид уг хамгаалалтын хэрэгсэлд автоматаар хандах эрхтэй. Үүнтэй зэрэгцэн Meta нь өмнө нь зөвхөн томоохон эрх эзэмшигч, байгууллагууд ашиглаж ирсэн Rights Manager-ийн хэрэглэгчдэд ч энэ шинэ систем рүү нэвтрэх боломжийг аажмаар нээж эхэлжээ.
Бүтээгчид хамгаалалтын хэрэгслийн бэлэн эсэх, эрхийн мэдээллээ гар утсанд ирэх мэдэгдлээс, мэргэжлийн хяналтын самбараас (Professional Dashboard) шалгах, эсвэл Facebook-ийн вэб хувилбараар дамжуулан тусгай өргөдөл илгээх боломжтой.
Rights Manager–ийн технологийг суурь болгосон тохирол илрүүлэх систем
Шинэ контент хамгаалалтын боломж нь Meta-ийн Rights Manager системд ашигладаг тохирол илрүүлэх технологийн үндсэн дээр ажилладаг. Энэ технологи нь анхны Reels болон хуулбарласан байж болзошгүй бичлэгүүдийн хоорондын тохирлын хувь, тухайн видеоны үзэлт, тухайн хуулбарыг үзэж буй захиалагчдын өгөгдөл, мөнгө олох (monetization) төлөв зэрэг олон үзүүлэлтийг харуулж өгдөг.
Бүтээгч өөрөө тохирол илрүүлэх дүрэм, хязгаарлалт тогтоох боломжтой. Жишээ нь, тодорхой хуудас, профайлаар контент нь ашиглагдахыг зориуд зөвшөөрсөн бол тэрхүү профайлыг “зөвшөөрсөн жагсаалт”-д оруулснаар систем уг хуудасны видеог зөрчил гэж автоматаар тэмдэглэж, нэхэмжлэл үүсгэхгүй.
Үүнээс гадна бүтээгч дараах боломжуудтай:
– тодорхой видеонд гаргасан нэхэмжллээ цуцлах
– давхардсан, дахин байршуулсан Reels-үүдийг хянах, анхны контент руу чиглэсэн холбоос, “original” гэсэн тэмдэглэгээ нэмэх (Meta энэ төрлийн шууд холбоос бүхий системийг туршиж байна)
– давхардсан видеог бүрэн хааж, тархалтыг нь хязгаарлах, алгоритмаар илүү бага түгээх
Эдгээр нь Reels-ээ салбар, сэдэв, хуудас бүр дээр хэрхэн ашиглагдаж байгааг илүү нарийвчлан удирдах, контентынхаа “элэгдэл”, хуулбарыг хянах хэрэгсэл болж өгч байна.
Хэн нэгнийг “наадаж хорлох” хэрэгсэл биш, буруугаар ашиглавал эрхээ алдана
Meta-ийн онцолж буй гол зарчим нь энэ системийн зорилго тодорхой нэг хэрэглэгчийг онилон хориулах биш, харин анхны бүтээгчийг хамгаалах явдал юм. Тиймээс зөвшөөрөлгүй хуулбарласан видеонд нэхэмжлэл үүсгэлээ гээд тухайн профайл шууд хориг, баннд өртөхгүй. Ингэж зохион байгуулж буй нь хамгаалалтын хэрэгслийг өшөө авалт, дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийг бууруулахад чиглэжээ.
Харин эсрэгээр, зохиогчийн эрхтэй холбоотой хуурамч гомдол, үндэслэлгүй нэхэмжлэл олон давтамжтай гаргасан бүтээгч өөрөө анхааруулга, хязгаарлалт авах, цаашлаад уг хэрэгсэлд хандах эрхээ бүрмөсөн алдах эрсдэлтэй.
Анхдагчаар Reels-ийн хяналт систем дээр идэвхтэй байдлаар тохируулагдсан байдаг. Хэрэв хэн нэгэн өөрийнх нь биш бусдын видеоны хэсгийг авч ашиглачихаад, үүнийгээ хамгаалуулах гэж системд “анхны” контент мэт бүртгүүлэх оролдлого хийвэл тухайн видеоны жинхэнэ эзэмшигч үүнийг эсэргүүцэх бүрэн боломжтой. Тэрээр стандарт зохиогчийн эрхийн журмаар албан ёсоор устгах хүсэлт гаргаж, хуулбарыг платформоос хасуулах арга хэмжээ авхуулж болно.
Хэрэв систем автоматаар тохирох хуулбарыг олж чадаагүй ч, анхны зохиогч өөрийн Reels-ийг хуулбарласан бичлэг тодорхой байдлаар платформ дээр байгааг мэдэж байгаа бол “Тодорхой тохирох зүйл олдохгүй байна уу?” гэсэн нэмэлт хэсгээс дамжин гомдол гаргах боломжтой юм.
Гар утаснаас ширээний компьютерт: мэргэжлийн самбартай нэгтгэх туршилт
Одоогоор Facebook контент хамгаалалтын энэ шинэ хэрэгсэл зөвхөн гар утасны орчинд бүрэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч Meta компанийн зүгээс ширээний компьютерийн хувилбар дахь Мэргэжлийн хяналтын самбартай (Professional Dashboard) уг системийг нэгтгэх туршилтыг эхлүүлсэн талаар дурдсан. Хэрэв энэ нэгтгэл амжилттай болбол Reels бүтээгчид контентын хамгаалалт, мөнгөжүүлэлт, үзүүлэлтийн статистикаа нэг цогц самбараас, компьютерийн дэлгэц дээрээс илүү том, илүү нарийн түвшинд удирдах боломжтой болох юм.