Жил бүр iPhone-ийн загварууд олширч, “яг аль нь надад тохирох вэ?” гэсэн асуулт зайлшгүй гарч ирдэг. 2026 онд Apple энэ асуултад илүү тодорхой хариулт өгөхийг зорьсон мэт харагдаж байна. Тэд үндсэн iPhone 17-оо бодитой шинэчилж, Pro загваруудаа камер болон тогтвортой ажиллагааны хувьд илүү мэргэжлийн түвшинд ойртуулсан бол iPhone Air нэртэй цоо шинэ чиг баримжаатай хувилбараар өөр төрлийн хэрэглэгчдийг онилжээ. Тэгвэл эдгээр загваруудын аль нь ямар хэрэглээнд тохирох вэ? Мөн хэнд нь шинэчлэх шаардлага бараг байхгүй вэ?
iPhone 17: Өдөр тутмын хамгийн оновчтой шинэчлэлт
Үндсэн iPhone 17 дээрх хамгийн том өөрчлөлт бол дэлгэц. Өмнө нь зөвхөн Pro загварт байдаг байсан 120 Гц сэргээх давтамж болон Always-On функц энгийн хувилбарт орж ирснээр интерфэйс илүү жигд, өдөр тутмын хэрэглээ илүү тав тухтай болжээ.
Камерын хувьд огцом “үсрэлт” хийсэнгүй. Үндсэн камер өмнөх түвшнээ хадгалсан ч урд камер шинэ мэдрэгчтэй болсноор зураг, видео бичлэг бодит хэрэглээнд илүү эвтэйхэн болсон. Мөн багтаамжийн хамгийн доод хувилбар 256 ГБ-аас эхэлж байгаа нь санах ойн дарамтыг мэдэгдэхүйц багасгана.
Иймээс Pro загвар заавал хэрэггүй, гэхдээ шинэ дэлгэцийн давуу талыг мэдрэхийг хүсдэг хэрэглэгчдэд iPhone 17 хамгийн оновчтой сонголт. Харин iPhone 15 Pro эсвэл 16 Pro хэрэглэж байгаа бол заавал шинэчлэх шаардлага байхгүй билээ.
iPhone 17 Pro ба Pro Max: Камер нь ажлын хэрэгсэл болдог хүмүүст зориулсан сонголт
iPhone 17 Pro болон Pro Max дээр Apple огцом чиглэлээ өөрчилсөнгүй. Гэхдээ бодит хэрэглээнд мэдрэгдэх хэд хэдэн чухал сайжруулалтыг хийсэн байна. Ачааллын үед халалт багасаж, батарейн ажиллах хугацаа уртассан нь урт хугацаанд тогтвортой гүйцэтгэл шаарддаг хэрэглэгчдэд мэдэгдэхүйц давуу тал болно.
Хамгийн том ахиц камерын хэсэгт төвлөрчээ. ProRes RAW видео горим илүү боловсронгуй болж, фото камер нь ялангуяа оройн болон төвөгтэй гэрэлтүүлэгтэй нөхцөлд илүү сайн үр дүн үзүүлэхээр сайжирсан байна. Иймээс камерыг бодитоор “ажил” болгодог контент бүтээгчид, зураглаачид, гэрэл зурагчдад Pro шугамын шинэчлэлт илүү утга учиртай.
Харин зураг, видеог ховор авч, голчлон нийгмийн сүлжээний энгийн хэрэглээнд ашигладаг бол энэ ялгаа тийм ч тод мэдрэгдэхгүй байж магадгүй.
iPhone Air: Дизайн, мэдрэмжийн төлөө буулт хийхэд бэлэн хүмүүст
iPhone Air бол хамгийн их маргаан дагуулах хэр нь хамгийн сонирхол татах загвар. Нимгэн титан хийц, хөнгөн жин нь гарт баригдах мэдрэмжийг огт өөр түвшинд гаргаж, “утас барьж байна” гэх мэдрэмжийг өөрчилнө.
Гэхдээ энэ нь тодорхой сул талуудтай. Нэг чанга яригч, батарейн харьцангуй богино ажиллах хугацаа, нэг линзтэй камер нь бүх хүний хэрэгцээнд тохирохгүй. Гэсэн ч нэг хэвийн iPhone-оос залхсан, дизайн болон мэдрэмжийг чухалчилдаг хэрэглэгчдэд Air нь өвөрмөц, сонирхолтой сонголт болж чадна.
2026 оны дүр зураг: Apple загваруудаа илүү тод ялгав
2026 оны эхэнд Apple сонголтыг илүү ойлгомжтой байдлаар салгасан дүр зураг харагдаж байна. iPhone 17 нь олонх хэрэглэгчийн хувьд хамгийн тэнцвэртэй сонголт, iPhone 17 Pro/Pro Max нь контент бүтээлт, камерыг “ажлын” хэрэглээ болгосон хүмүүст илүү тохиромжтой, iPhone Air нь шинэ мэдрэмж, дизайн хүсэж буй хүмүүст сайн сонголт ажээ . Шинэчлэх эсэх нь хамгийн түрүүнд таны одоогийн загвар, мөн өдөр тутамд камер, дэлгэц, зөөвөрлөлт дээр юу илүү чухал байдагтай шууд холбоотой.