Зах зээлийн үнэлгээ $4 их наядыг анх удаа давсан өдөр
Өчигдөр буюу Даваа гарагт Гүүглийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа $4 их наядын босгыг давлаа. Ингэснээр ийм түвшинд хүрсэн дөрөв дэх компани болж, Nvidia, Microsoft, Apple-ийн араас түүхэнд бүртгэгдэв.
Одоогоор $5 их наядаас давсан үнэлгээтэй Nvidia хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр суурийг тэргүүлж байна. Харин Alphabet $4 их наядын босгыг даваад зогсохгүй, дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр суурийг Apple-аас булаасан гэж мэдээлэв.
Siri-д Gemini AI ашиглах гэрээ үнэлгээг огцом хөдөлгөв
Alphabet-ийн үнэлгээний энэ өсөлт Apple-тай байгуулсан хиймэл оюуны хамтын ажиллагааны мэдээ цацагдсаны дараа эрчимжсэн байна. Тодруулбал, Alphabet болон Apple компаниуд iPhone-ийн дижитал туслагч Siri-д Гүүглийн Gemini AI системийг ашиглах гэрээ байгуулсан тухай мэдээлэл зах зээлд тархмагц хувьцааны ханшийн өсөлт хүчтэй нэмэгджээ.
Хоёр тал гэрээний үнийн дүнг одоогоор зарлаагүй, нууцалж байгаа юм. Apple компанийн мэдэгдэлд “Маш няхуур үнэлсний эцэст бид Гүүглийн технологи Apple Foundation Models-ийн суурь болох хамгийн өндөр чадвартайг тогтоосон” гэж өгүүлжээ.
Хувьцааны өсөлт, шинэ бүтээгдэхүүн, тогтвортой орлогын суурь
Хэдийгээр хиймэл оюуны технологитой холбоотой хувьцаануудын “хөөс хагарах” эрсдэл нэмэгдэж болзошгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд сүүлийн үед ярьж эхэлсэн ч Alphabet-ийн хувьцаа 2025 оны турш 65 орчим хувиар өссөн гэж дурдав.
Сүүлийн саруудад тус компани Gemini загварын шинэ хувилбарууд, Nano Banana зураг боловсруулагч зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, зах зээлд гаргаснаар хөрөнгө оруулагчдын эргэлзээг намжаасан гэж мэдээлжээ. Түүнчлэн технологийн салбарт харьцангуй ховор хөрөнгө оруулалт хийдэг Уоррен Баффетын Berkshire Hathaway компанийн анхаарлыг хүртэл татаж чадсан байна.
Alphabet шинэ бизнесүүдээ өсгөхийн зэрэгцээ орлогын гол эх үүсвэрүүд болох Google Search, YouTube зэрэг бүтээгдэхүүнүүд нь эдийн засгийн тодорхойгүй байдал, ширүүн өрсөлдөөний нөхцөлд ч харьцангуй тогтвортой ажиллаж буй нь үнэлгээг дэмжсэн хүчин зүйлсийн нэгээр нэрлэгдэж байна.