Lenovo компани MWC 2026 үзэсгэлэн дээр Legion Tab Gen 5 загвараа танилцуулж, тоглоомын чиглэлийн таблетын өрсөлдөөнд шинэ “өндөр үзүүлэлттэй” хувилбар нэмлээ. Шинэ төхөөрөмжийг бүтээхдээ компанийн зүгээс голчлон гүйцэтгэл, дэлгэц, батарей, хөргөлтийн систем дээр төвлөрсөн бөгөөд өдөр тутмын хэрэглээнээс гадна тоглоомын өндөр ачааллыг даах шийдлийг онцолжээ.
Snapdragon 8 Elite Gen 5 ба 16GB RAM
Legion Tab цувралын шинэ үе дээр Lenovo аппаратын хэсэгт хэмнэлт хийхийг хүсээгүй нь тодорхой харагдана. Төхөөрөмж Qualcomm Snapdragon 8 Elite Gen 5 процессортой бөгөөд Android экосистемийн хамгийн хурдтай чипүүдийн нэг гэж танилцуулгад онцолсон байна. Оператив санах ой 16GB гэж зарлагдсан нь тоглоом, олон даалгаварт ажиллагаанд чиглэсэн шийдэл хэвээр гэдгийг илтгэнэ. Харин Хятадын зах зээлд зориулсан ижил төстэй Y700 загвар 24GB RAM-тай байж магадгүй гэсэн цуурхал байсан ч олон улсын хувилбар нь 16GB дээр тогтсон нь анхаарал татаж байна.
8.8 инчийн 3K дэлгэц, 165Гц сэргээх давтамж
Legion Tab-ийн нэг “гол зэвсэг” нь үргэлж дэлгэц байсаар ирсэн. Энэ удаа Lenovo 8.8 инчийн дэлгэц дээр 3K (3040×1904) нягтрал, 165Гц сэргээх давтамж тавьжээ. Дээд гэрэлтэлт 600 кд/м² хүрэх бөгөөд зарим ухаалаг утасны дээд түвшний үзүүлэлтээс доогуур мэт боловч тоглоом тоглох, контент үзэх үед ихэнх орчинд хангалттай гэж үйлдвэрлэгчийн тайлбарлаж байна.
9000 мА·ц батарей ба Coldfront Vapor хөргөлт
Батарейн багтаамжийг 9000 мА·ц гэж мэдээлсэн нь энэ хэмжээний таблетад “том” ангилалд орно. Өндөр үзүүлэлттэй чипүүд удаан хугацааны өндөр ачаалал дээр халалт үүсгэх магадлалтай тул Lenovo Legion Coldfront Vapor нэртэй хөргөлтийн системийг суурилуулжээ. Компанийн мэдэгдлээр энэ систем нь өмнөх үеийн загвараас 30 хувиас дээш үр ашигтайгаар дулааныг тараадаг байна. Мөн төхөөрөмжийн жин 360 грамм гэж зарласан нь хүчтэй үзүүлэлттэй хэрнээ зөөврийн байдалд анхаарсан хэвээр гэдгийг харуулна.
Өнгө, худалдаанд гарах хугацаа, үнэ
Lenovo Legion Tab Gen 5 нь Eclipse Black (хар), Glacier White (цагаан), Surge (ногоон байж магадгүй) гэсэн өнгөнүүдээр гарахаар төлөвлөгджээ. Шинэ таблет 2026 оны тавдугаар сард худалдаанд гарч, үнэ нь 849 ам.доллар байх аж.