Apple хамгийн боломжийн үнэтэй шинэ зөөврийн компьютерээ ойрын өдрүүдэд танилцуулж магадгүй тухай мэдээлэл гарлаа. Компанийн зүгээс хэвлэл мэдээлэлд зориулсан тусгай арга хэмжээ бэлтгэж байгаа гэх мэдээлэл зэрэгцэн яваа энэ үед нэг сонирхолтой “санамсаргүй мөр” интернэтээр тархжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр шинэ төхөөрөмжийн нэр Apple-ийн албан ёсны сайт дээр богино хугацаанд харагдсан байж болзошгүй байна.
MacRumors-ийн мэдээлснээр Европын Холбооны зохицуулалтын баримт бичгүүдэд A3404 дугаартай загварын мөр гарч ирсэн бөгөөд Apple-ийн сайт дахь холбоосын хаягт “MacBook Neo” гэх нэр түр зуур орсон гэжээ. PDF баримт бичгийн дотор тухайн нэр ил бичигдээгүй ч линкний хаягт гарсан тэмдэглэгээ нь шинэ “хямд” загвартай холбоотой байх магадлал өндөр гэж тайлбарласан байна.
Зах зээлийн яриагаар MacBook Neo нь тусдаа цуврал болж, MacBook Air-оос доогуур байрлал эзлэх төлөвтэй. Мөн төхөөрөмж 12.9 инчийн дэлгэцтэй, ухаалаг утасны түвшний процессортой байж магадгүй гэжээ. Яригдаж буй хувилбараар iPhone 16 Pro дээр ашигладаг A18 Pro түвшний чип суурилуулах боломжтой гэж мэдээлэлд дурдсан байна.
Түүнчлэн 8GB оператив санах ой, хөнгөн цагаан их бие, тод өнгийн сонголтуудтай (шар, ногоон, цэнхэр, ягаан) гарна гэх мэдээлэл тархжээ. Үнийн хувьд эхэндээ $599 гэж яригдаж байсан ч сүүлийн задруулсан мэдээллүүд $799 байх магадлалтай гэж дурдсан байна.
Энэ загвар нь хямд үнэтэй Windows зөөврийн компьютер болон Chromebook-үүдтэй өрсөлдөхөөр чиглэж, iPhone хэрэглэдэг ч Apple-ийн компьютер хэрэглэж байгаагүй хэрэглэгчдийг татах зорилготой байж магадгүй гэж тайлбарлажээ.