Сансрын орчинд зориулсан шинэ технологи
NVIDIA компани хиймэл оюун ухааныг сансарт ашиглах зориулалттай Space-1 Vera Rubin нэртэй шинэ чип системийг танилцууллаа. Энэхүү шийдлийг сансрын тусгай нөхцөлд ажиллах шаардлагад нийцүүлэн боловсруулсан бөгөөд Aetherflux, Axiom Space, Kepler Communications, Planet, Sophia Space, Starcloud зэрэг компаниуд ашиглахаар бэлтгэж байна.
Шинэ системийг боловсруулахдаа хэмжээ, жин, эрчим хүчний хэрэглээ зэрэг сансрын техникд чухал үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Үүний зэрэгцээ уг платформ нь нарны эрчим хүчээр ажиллах боломжтой бөгөөд сансрын орчинд хиймэл оюуны тогтвортой ажиллагааг хангах зорилготой.
Хүчин чадал ба гүйцэтгэлийн онцлог
Space-1 Vera Rubin системд IGX Thor, Jetson Orin платформууд болон Rubin график процессор багтсан. NVIDIA-ийн мэдээлснээр энэ бүтэц нь сансарт хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг H100 чиптэй харьцуулахад 25 дахин нэмэгдүүлж чадна.
Энэхүү систем нь геоорон зайн өгөгдөл боловсруулах, сансрын нислэгийн үеийн автоном ажиллагааг гүйцэтгэх зэрэг өндөр төвшний даалгаварт зориулагдсан. Мөн сансарт дата төвийн түвшний хиймэл оюуны боломжийг бий болгож, том хэмжээний хэлний загвар болон суурь AI моделуудыг шууд орбит дээр ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Төв болон график процессоруудын нягт уялдаа, өндөр хурдны холболт нь сансрын төхөөрөмжөөс ирэх их хэмжээний өгөгдлийг бодит цаг хугацаанд боловсруулах хүчин чадлыг хангах юм.
IGX Thor платформ нь бодит цагийн өгөгдөл боловсруулалт, хамгаалалт болон бие даасан ажиллагааг дэмждэг бол Jetson Orin нь дүрс, навигаци, мэдрэгчийн мэдээллийг төхөөрөмж дээр нь шууд боловсруулах боломж олгож, саатлыг бууруулж, өгөгдөл дамжуулалтыг илүү үр ашигтай болгодог.