Hiro бие даасан үйл ажиллагаагаа зогсоож, баг нь OpenAI-д нэгдэнэ
OpenAI компани хувийн санхүүгийн төлөвлөлтөд зориулсан хиймэл оюуны үйлчилгээ хөгжүүлж байсан АНУ-ын Hiro Finance стартапыг худалдан авчээ. Энэхүү хэлцлийн талаар компанийн үүсгэн байгуулагч Итан Блох эхэлж мэдээлсэн бөгөөд дараа нь OpenAI энэ мэдээллийг TechCrunch-д өгсөн тайлбараараа баталгаажуулсан байна.
Hiro мөн цаашид бие даан ажиллахаа зогсоохоо зарлажээ. Стартапын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 20-нд бүрэн дуусах бөгөөд хэрэглэгчид тавдугаар сарын 13 хүртэл өөрсдийн мэдээллийг экспортлох боломжтой аж. Үүнээс хойш сервер дээр хадгалагдсан бүх өгөгдлийг устгах юм байна. Мөн OpenAI эдгээр хэрэглэгчийн мэдээлэлд нэвтрэхгүй гэж онцолжээ.
TechCrunch-ийн мэдээлснээр Hiro-ийн баг бүхэлдээ OpenAI-д шилжинэ. Гэхдээ яг хэдэн хүн нэгдэх нь одоогоор тодорхой болоогүй байна. LinkedIn дээрх мэдээллээс үзвэл тус компанитай холбоотой арав орчим хүн байдаг аж.
Санхүүгийн AI зах зээл дэх байр сууриа OpenAI улам тэлэхээр зорьж байна
Hiro стартап 2023 онд байгуулагдсан бөгөөд ойролцоогоор таван сарын өмнө санхүүгийн зөвлөгөө, төлөвлөлтийн аппликэйшнээ танилцуулжээ. Тус аппликэйшнд хэрэглэгчид орлого, өр төлбөр, сар бүрийн зардлаа оруулсны дараа хиймэл оюуны зөвлөх нь санхүүгийн боломжит хувилбаруудыг тооцоолж, ойлгомжтой байдлаар тайлбарладаг байв. Компанийн мэдээлснээр энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нэг тэрбум ам.доллараас давсан хөрөнгөө удирдахад тусалжээ.
Энэхүү худалдан авалт хэд хэдэн шалтгаанаар анхаарал татаж байна. Итан Блох өмнө нь автоматаар мөнгө хуримтлуулах үйлчилгээтэй Digit нэртэй дижитал банкийг үүсгэн байгуулж байсан бөгөөд уг компанийг 2021 онд Oportun худалдаж авч байв. Үүнээс гадна OpenAI санхүүгийн салбартай холбоотой бүтээгдэхүүн худалдан авч байгаа анхны тохиолдол энэ биш юм.
Одоогоор ChatGPT-ийг бизнесийн санхүүгийн багуудад зориулсан боломжит хэрэгсэл болгон байршуулж байгаа OpenAI энэ чиглэлд байр сууриа илүү бататгахыг зорьж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ энэ худалдан авалт цаашдаа тусдаа санхүүгийн аппликэйшн болж хөгжих үү, эсвэл эдгээр боломжийг чатбот дотор нь шингээх үү гэдэг нь хараахан тодорхойгүй хэвээр байна.
Мөн энэ хэлцэл OpenAI-ийн OpenClaw хэрэглэгчдийн хүрээнд нөлөөгөө нэмэгдүүлэх стратегитай холбоотой байж болзошгүй гэсэн таамаг ч гарчээ. OpenClaw нь хувьцааны арилжаанд зориулсан роботжуулсан агент гэдгээрээ танигдсан платформ юм. Харин Итан Блох өөрөө RoboBuffett нэртэй автомат арилжааны агент бүтээж байсан нь энэ чиглэл дэх сонирхлыг улам тодотгож байна.