Meta-д том цэвэрлэгээ эхэллээ: AI-ийн төлөө 8000 ажилтан ажлаа алдахаар болов

нийтлэгч Содном Энхбаяр
Meta-д том цэвэрлэгээ эхэллээ: AI-ийн төлөө 8000 ажилтан ажлаа алдахаар болов

Meta компани хиймэл оюун ухааны төслүүддээ урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө төвлөрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх сард 8000 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Энэ нь нийт ажиллах хүчнийх нь 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Мөн компанийн зүгээс олон мянган ажлын байранд шинэ хүн авах байсан төлөвлөгөөгөө цуцалснаа пүрэв гарагт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус компани зөвхөн энэ онд хиймэл оюун ухаантай холбоотой төслүүддээ 135 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ нь өмнөх гурван жилийн нийт зардалтай дүйцэхүйц асар өндөр дүн болж байгаагаараа онцлог юм.

Цөөн хүн, илүү их AI гэсэн шинэ бодлого

Үүсгэн байгуулагч Mark Zuckerberg энэ оны эхээр олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ компанид өргөн хүрээний орон тооны цомхотгол явагдана гэдгийг аль хэдийн анхааруулж байсан. Тэрээр өмнө нь олон хүний хамтын ажиллагаагаар хийгддэг байсан ажлыг одоо ганц хүн хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэх боломжтой болсон гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр “2026 онд хиймэл оюун ухаан хүмүүсийн ажиллах арга барилыг эрс өөрчилнө гэж би бодож байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Reuters агентлаг Meta энэ онд 10 мянгаас давсан ажилтнаа цомхотгоно гэж мэдээлж байсан билээ. Үүний дараа ажилтнуудад пүрэв гарагт цомхотголын тухай албан мэдээлэл хүрсэн байна. Компанийн хувьд энэ он гарснаас хойш хоёр удаа орон тооны хасалт хийсэн бөгөөд өмнөх шатны цомхотголд 2000 орчим хүн өртөөд байсан аж.

Ажилтнуудын дунд “дистопи” гэх үг яригдаж эхэлжээ

Ийм нөхцөл байдалд орсон нэг ажилтан өнөөгийн уур амьсгалыг “дистопи үзэгдэл” гэж нэрлэсэн байна. Дистопи гэдэг нь сайн сайхан биш, харин айдас дагуулсан, хэвийн бус, эрх чөлөөгүй эсвэл сүйрсэн ирээдүйг дүрсэлдэг уран зохиол, киноны ойлголт юм.

Meta-ийн энэ алхам нь технологийн салбарт ганцаарчилсан үзэгдэл биш юм. Томоохон компаниуд бүгд хиймэл оюун ухаанд их хэмжээний хөрөнгө хаяж эхэлсэнтэй зэрэгцэн орон тоогоо танах бодлого баримталж байна. Тухайлбал, Amazon 30 мянга гаруй, Oracle 10 мянга гаруй ажилтнаа цомхотгосон байна. Харин зах зээл дээр тийм ч аварга тоглогч биш компаниуд ч мөн адил энэ урсгалд нэгдэж байгаа бөгөөд Block 4000 гаруй, Snap ойролцоогоор 1000 ажилтнаа цомхотгожээ.

Ингэснээр хиймэл оюун ухааны эрин үе технологийн компаниудад асар том боломж авчирч байгаа ч нөгөө талд нь олон мянган хүний ажлын байрны хувь заяаг өөрчилж эхэлсэн нь улам тодорхой болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.