Apple-д шинэ эрин эхэллээ: John Ternus Tim Cook-ийн орыг авч, CEO болов

Apple-д шинэ эрин эхэллээ: John Ternus Tim Cook-ийн орыг авч, CEO болов

Apple компанийн удирдлагад томоохон өөрчлөлт гарч, John Ternus мягмар гарагт албан ёсоор гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авлаа. Ингэснээр дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн нэг хэвээр байгаа ч хиймэл оюун ухааны өрсөлдөөнд гол өрсөлдөгчдөөсөө хоцорч буй технологийн аварга компанийг тэр удирдахаар болов. Үүний зэрэгцээ Apple Хятадаас хамааралтай үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнийхээ улмаас Цагаан ордны улс төрийн дарамттай улам их тулгарч байна.

Энэхүү удирдлагын шилжилтээр Tim Cook-ийн 15 жил үргэлжилсэн CEO-ийн эрин төгсөж байна. Apple-ийн дэлхий даяарх нийлүүлэлтийн асар том системийг бий болгосон үйл ажиллагааны мэргэжилтнийг тус компанийн техник хангамжийн хөгжлийг олон жил удирдсан инженер залгамжилж байгаа нь онцлог юм.

51 настай John Ternus 2001 онд Apple-ийн дизайны багт ажиллаж эхэлсэн бөгөөд карьерынхаа турш шат ахисаар техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч болжээ. Энэ албан тушаалд байхдаа тэр Tim Cook-д шууд тайлагнадаг байсан.

Ternus нь Apple-ийн бүх үндсэн бүтээгдэхүүний инженерийн багуудыг удирдаж ирсэн. Үүнд компанийн нийт орлогын хамгийн том хэсгийг бүрдүүлдэг iPhone ч багтдаг.

Гэвч шинэ CEO-д шинэ албан тушаалдаа дасах хугацаа бараг олдохгүй. Apple есдүгээр сарын 9-нд жил бүрийн уламжлалт iPhone танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулах бөгөөд энэ үеэр компанийн анхны эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт бий.

Yorkville Ives & Co хөрөнгө оруулалтын компанийн түнш, ахлах гүйцэтгэх захирал Dan Ives:

“Tim Cook компанийг гайхалтай сайн эмх цэгцтэй байдалтай үлдээсэн. Харин одоо Ternus Apple-ийн хиймэл оюун ухааны шинэ үеийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болж байна” гэж хэлэв.

Ives-ийн үзэж буйгаар шинэ гүйцэтгэх захирал өөрийн хамгийн сайн мэддэг салбартаа түлхүү төвлөрөх магадлалтай. Тэрээр Ternus техник хангамжийн инновацид гол анхаарлаа хандуулж, Cook-ийн олон жилийн турш бий болгосон нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоог үндсэндээ хэвээр үлдээнэ гэж таамаглаж байна.

“Аль хэдийн сайн ажиллаж байгаа зүйлийг өөрчлөх ямар ч шалтгаан байхгүй” гэж тэр хэлэв.

Техник хангамжийн инженер Apple-ийн жолоог атгав

Apple хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөгчдөө гүйцэхээр хичээж байгаа энэ үед зарим шинжээч программ хангамжийн асуудал хариуцсан Craig Federighi-г CEO-д илүү тохиромжтой сонголт байсан гэж үзэж байв. Гэвч Creative Strategies-ийн шинжээч Carolina Milanesi ийм байр суурь нь хэрэглэгчид шинэ технологийг бодит амьдрал дээр хэрхэн нэвтрүүлдгийг бүрэн тооцоогүй гэж тайлбарлав.

“Хэрэглэгчид одоо ч хамгийн түрүүнд техник хангамж худалдан авч байна, энэ байдал цаашид ч удаан үргэлжилнэ. Хэрэв та техник хангамжийг сонирхохгүй бол хиймэл оюун ухааны үнэ цэнийг ч бүрэн мэдрэх боломжгүй” гэж тэр хэлэв.

John Ternus Пенсильванийн их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Apple-д элсэхээсээ өмнө Virtual Research Systems компанид инженерээр ажиллаж байжээ.

Apple-ийн дотоодод түүнийг бүтээгдэхүүний эдэлгээ, найдвартай байдал болон тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлийн ажлыг эрчимжүүлсэн удирдагчдын нэг гэж үнэлдэг. Мөн бүтээгдэхүүний дизайныг өөрчлөх замаар нүүрстөрөгчийн ул мөрийг багасгахад чиглэсэн төслүүдэд ч чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Гэхдээ хамгийн том тодорхойгүй зүйл нь Ternus инженерийн удирдагчаас компанийн тэргүүн болж өөрчлөгдөхдөө ямар төрлийн CEO болох вэ гэдэгт оршино.

“Ternus-ийг сайн мэддэг хүмүүс ч түүнийг CEO-ийн хувьд ямар хүн болохыг одоогоор мэдэхгүй. Та түүнийг инженерийн албаны дарга гэдгээр нь мэдэж болох ч CEO болмогц бүх зүйл өөрчлөгдөнө. Хариуцлага нь томорно, эрх мэдэл нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, та огт өөр дүрмээр тоглож эхэлнэ” гэж Milanesi хэлэв.

Хятад болон Цагаан ордны хооронд тэнцвэр олох сорилт

Ternus-ийн хувьд хамгийн их туршлага хуримтлуулах шаардлагатай тал нь Apple-ийн геополитикийн харилцаа байж мэднэ. Энэ чиглэлд Tim Cook олон жилийн турш онцгой үүрэг гүйцэтгэж, нэгэн зэрэг Бээжин болон Donald Trump-ийн Цагаан ордонтой харилцаагаа хадгалан, Хятадад ихээхэн төвлөрсөн нийлүүлэлтийн сүлжээг хамгаалж ирсэн.

Apple-ийн үйлдвэрлэлийн систем нь корпорацын түүхэн дэх хамгийн төвөгтэй сүлжээнүүдийн нэгт тооцогддог. Олон зуун ханган нийлүүлэгч, угсралтын үйлдвэр болон үйлдвэрлэлийн шат дамжлагаас бүрдэх энэхүү системийг Cook хэдэн арван жилийн турш хөгжүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Apple үйлдвэрлэлийн зарим хэсгийг Хятадаас өөр орон руу шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, iPhone-ийн угсралтын тодорхой хэсгийг Энэтхэг рүү, бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Вьетнам руу шилжүүлж байна.

Гэсэн хэдий ч энэхүү төрөлжилт харьцангуй удаан үргэлжилж байгаа бөгөөд Хятад улс Apple-ийн үйлдвэрлэлийн үндсэн тулгуур хэвээр байна.

Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй нэг хүчин зүйл нь Donald Trump Apple-ийг iPhone-оо АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэхийг удаа дараа шаардсан явдал юм. Мөн гадаадад үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдэд тариф ногдуулах боломжтойг анхааруулж байсан.

Tim Cook Trump-ийн худалдааны бодлогын хамгийн хүчтэй нөлөөллөөс Apple-ийг хамгаалахын тулд ерөнхийлөгчтэй шууд харилцаа тогтоож, АНУ дахь хөрөнгө оруулалтын амлалтууд болон улс төрийн хандив зэрэг арга хэрэгслийг ашигласан. Үүний зэрэгцээ тэр Бээжинтэй харилцаагаа ч тасалдуулалгүй хадгалж чадсан.

Ийм нарийн геополитикийн орчин Ternus-ийн хувьд шинэ сорилт болно.

“Техник хангамжийн тухайд тэр Apple Park-ийг гарын таван хуруу шигээ мэднэ. Харин дэлхийн хэмжээний улс төр, бизнесийн тавцанд гарах нь түүний ажлын явцад суралцах ёстой хамгийн том чиглэлүүдийн нэг байх болно” гэж Ives хэлэв.

Гэхдээ Tim Cook Apple-аас бүрэн холдохгүй. Тэрээр Ternus CEO болсон өдөр компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх даргын албан тушаалыг хүлээн авч байгаа бөгөөд түүний шинэ үүрэгт дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчидтай харилцах ажил ч багтана.

“Энэ бол үнэхээр ухаалаг шийдэл байсан” гэж Milanesi хэлэв.

Түүний үзэж буйгаар ийм бүтэц нь Ternus-д Cook олон жилийн турш бараг ганцаараа хариуцаж ирсэн улс төр, олон улсын харилцааны үүргээс тодорхой хэмжээнд чөлөөлөгдөж, компанийн бүтээгдэхүүн болон технологийн чиглэлд илүү их анхаарах боломж олгоно.

Есдүгээр сарын 9-ний iPhone танилцуулга удирдлага солигдсоноос хойших анхны томоохон олон нийтийн шалгуур болох юм. Хэрэв Apple үнэхээр эвхэгддэг iPhone танилцуулбал энэ нь сүүлийн хэдэн жилийн хамгийн том дизайны шинэчлэлийн нэг болно.

Шинэ CEO John Ternus албан тушаалаа авснаас ердөө найм хоногийн дараа энэхүү бүтээгдэхүүний гол нүүр царай болж тайзан дээр гарах төлөвтэй байна.

“Энэ мөчийг тэд яг түүнд зориулан бий болгосон” гэж Milanesi хэлэв.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.