LLM буюу том хэлний загваруудын хамгийн үр дүнтэй хэрэглээний нэг нь код бичих чиглэл болж байгаа энэ үед Google компани хиймэл оюуны загваруудаа бодит Android апп хөгжүүлэгчдийн кодоор сургахыг зорьж байгаа талаар мэдээлэл гарлаа. Гэхдээ тус компани хөгжүүлэгчдэд үүний төлбөрийг төлж байгаа аж.
404 Media-ийн мэдээлснээр Google компани Play Store-ийн хөгжүүлэгчдээс Android аппын кодыг нууц хөтөлбөрийн хүрээнд худалдан авахыг оролдож байгаа бөгөөд уг кодыг хиймэл оюуны загваруудаа сургахад ашиглах зорилготой байна. Апп хөгжүүлэгчдэд илгээсэн имэйлдээ Google уг “confidential content offer pilot” буюу нууц контентын саналын туршилтын хөтөлбөрийг “аппаасаа нэмэлт орлого олох” боломж хэмээн тайлбарлажээ.
Google-ийн зүгээс худалдан авсан кодыг “Google-ийн хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгсэл болон бүтээгдэхүүнийг сайжруулахад” ашиглана гэж дурдсан байна. Харин имэйл доторх холбоос нь “манай AI бүтээгдэхүүнийг сайжруулах түншлэл”-ийн тухай хуудас руу чиглэж байжээ. Гэхдээ имэйлд хиймэл оюун ухаан гэсэн үгийг огт дурдсангүй гэж мэдээлсэн байна.
Имэйлд дараах байдлаар бичжээ.
“Бид Google Partnerships багийн нэрийн өмнөөс Google Play апп хөгжүүлэгчдийн сонгогдсон бүлгийг нууц контентын саналын туршилтын хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Бид таны аппуудаас нэмэлт орлого олох онцгой боломжийг санал болгож байна. Та апп бүтээж, хэрэглэгчдийн баазаа өсгөхийн тулд ихээхэн хөдөлмөр гаргасан. Одоогийн аппыг ажиллуулж буй идэвхтэй үйлдвэрлэлийн кодын сан ч бай, эсвэл одоо ашиглахаа больсон туршилтын загвар, туслах төслүүдийн архив ч бай, тэр код ашиглагдаагүй үнэ цэнтэй байж болно. Энэ бол хэрэгсэл, бүтээгдэхүүнийг шинэ түвшинд хүргэхэд туслах, хөгжүүлэгчдийн экосистемийг дэмжих, шинэ орлого нээх онцгой боломж юм.
Боломж: Бид Google-ийн хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгсэл болон бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд өндөр чанартай, бодит орчинд ашиглагдсан кодын сангуудыг хайж байна. Энэхүү хөтөлбөр танд дараах боломжийг санал болгож байна.
Нэмэлт орлого олох боломж: Аппуудыг тань ажиллуулж буй код болон архивласан төслүүдээ хуваалцсаны төлөө төлбөр авах.
Эрт оролцогч болох: Туршилтын түншийн хувьд та Google цаашид хөгжүүлэгчдийн нийгэмлэгтэй хэрхэн хамтран ажиллах хэлбэрийг тодорхойлоход оролцоно.”
Хүний бүтээсэн контентыг хиймэл оюуны загвар сургахад түгээмэл ашигладаг бөгөөд үүнд онлайн хэвлэн нийтлэгчдийн нийтэд нээлттэй контент ч багтдаг. Ийм контентын төлөө Google зэрэг компаниуд ихэвчлэн төлбөр төлдөггүй. Харин Android аппын код нь техникийн хувьд хувийн шинжтэй бөгөөд наад зах нь ихэнх тохиолдолд бүрэн эхээрээ цахим орчинд нийтлэгддэггүй юм.