Nvidia Windows зөөврийн компьютерт зориулсан шинэ чипээ танилцуулж, хувь хэрэглэгчийн зах зээлд орлоо

нийтлэгч Содном Энхбаяр
Nvidia Windows зөөврийн компьютерт зориулсан шинэ чипээ танилцуулж, хувь хэрэглэгчийн зах зээлд орлоо

Nvidia компани Даваа гарагт Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютерт зориулсан шинэ чипээ танилцуулж, хиймэл оюуны эрин үед хувь хэрэглэгчийн зах зээлд өрсөлдөх зорилготой байгаагаа харууллаа.

АНУ-ын технологийн томоохон компанийн энэхүү алхам нь Apple, Intel, AMD зэрэг компаниуд давамгайлдаг персонал компьютерын зах зээлд шинэ өрсөлдөөн бий болгож болзошгүй ч өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнээс үнэ өндөр байх магадлалтай байна.

Өдгөө дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болоод буй Nvidia нь хиймэл оюуны технологийн компаниудад график процессор нийлүүлснээр их хэмжээний ашиг олж байгаа юм.

“Microsoft болон Nvidia компаниуд компьютерыг дахин зохион бүтээх гэж байна. Энэ бол цоо шинэ компьютер байх болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өчигдөр Тайваньд болж буй Computex технологийн томоохон үзэсгэлэн худалдааны үеэр RTX Sparc чипийг танилцуулахдаа хэлжээ.

“Хэрвээ та дижитал биологи ажиллуулахыг хүсэж байвал асуудалгүй. Хэрвээ та газар хөдлөлтийг тооцоолох гэж байвал асуудалгүй. Та астрофизикийг сонирхож байвал асуудалгүй. Microsoft болон Nvidia компаниуд бүх зүйлийг нягт нямбай, оновчтой болгосноор энэ компьютер дэлхий ертөнцийг бүтээсэн бүх зүйлсийг, бас өнөөдрийн агентуудыг ажиллуулдаг байх юм” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Анх видео тоглоомын графикийг өндөр хурдтай дүрслэх зориулалттай GPU чип үйлдвэрлэдэг байсан Nvidia өнөөдөр хиймэл оюуны технологийн гол хөдөлгөгч хүчний нэг болоод байна.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.долларыг давсан нь Япон, Энэтхэг зэрэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч өндөр үзүүлэлт юм.

“Nvidia персонал компьютерын уламжлалт хангамжийн сүлжээг эвдэж, эхлэлээс төгсгөл хүртэл техникийн монополийг бий болгох зорилготой байна” гэж Carthage Capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч Стивен Ву өчигдрийн танилцуулгын дараа дүгнэжээ.

“Intel, AMD хоёр эхний хохирогчид болох байх” гэж тэр хэлсэн байна.

Женсен Хуан танилцуулгынхаа үеэр “Энэ бол сүүлийн 40 жилийн хугацаанд гарсан анхны бүрэн шинэчлэгдсэн, дахин зохион бүтээгдсэн компьютерын шугам юм. Энэ нь гар утсыг одоогийн ухаалаг утас болгосонтой адил том дэвшил гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж хэлжээ.

Холбоотой видео: Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны Computex үзэсгэлэн дээр тавьсан илтгэл болон шинэ чипийн танилцуулгыг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзнэ үү.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.