Windows 11-д зураг үзэх гурав дахь арга нэмэгдэж, хэрэглэгчид бүр будилах магадлалтай боллоо

Windows 11-д зураг үзэх гурав дахь арга нэмэгдэж, хэрэглэгчид бүр будилах магадлалтай боллоо

Microsoft Windows 11-ийн туршилтын хувилбарт зурагтай ажиллах бүтэцдээ нэлээд том өөрчлөлт хийжээ. Insider хөтөлбөрийн 26340.9616 дугаартай хувилбарт өмнөх “Photos” аппыг хоёр өөр хэрэгсэл болгон салгаж, File Explorer дахь Gallery-тай нийлээд зураг үзэх гурван тусдаа арга бий болгосон байна.

Одоогийн “Photos” аппын нэрийг “Photo Viewer” болгон өөрчилж байгаа бөгөөд энэ нь голчлон нэг зураг хурдан нээх, энгийн засвар хийх зориулалттай байх аж. Өөрөөр хэлбэл өнөөгийн “Photos” аппын үндсэн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Үүнээс гадна Microsoft OneDrive Photos-ийн вэб хувилбар дээр суурилсан шинэ “Photos” апп нэмжээ. Энэ хэрэгсэл нь ганц зураг нээхээс илүү зурагны санг бүхэлд нь удирдахад чиглэсэн байна.

Шинэ аппын тусламжтайгаар хэрэглэгч компьютер дээр хадгалагдсан зургаас гадна OneDrive болон iCloud дахь зургуудаа нэг дороос харах боломжтой болох аж.

Windows 11-д зураг үзэх гурван өөр сонголттой болно

Ингэснээр Windows 11 хэрэглэгчид зурагтай ажиллахдаа гурван өөр хэрэгсэл ашиглах боломжтой болж байна.

Нэг нь тусдаа зургийг хурдан нээх “Photo Viewer”, нөгөө нь зурагны сан, үүлэн хадгалалттай ажиллах шинэ “Photos”, гурав дахь нь File Explorer доторх “Gallery” юм.

“Gallery” нь тусдаа апп нээх шаардлагагүйгээр File Explorer дотроос зураг үзэх боломжийг хэвээр хадгална.

Ингэснээр Microsoft нэг файлыг хурдан нээх, бүх зурагны сантай ажиллах болон файлын менежерээс шууд зураг харах гэсэн гурван өөр хэрэглээг тусдаа шийдлээр ялгаж байгаа юм.

Шинэчлэгдсэн зураг үзэгчийн хурд ч нэмэгдэхээр болжээ. Microsoft-ийн мэдээлснээр энгийн зургууд ойролцоогоор 15 хувиар хурдан нээгдэх бол HEIC файлуудын ачааллах хурд 30 хувиар нэмэгдэх аж.

Мөн SVG болон WebP форматын дэмжлэг нэмэгдсэн байна.

Өөр нэг сонирхолтой өөрчлөлт нь Relight функцтэй холбоотой. Энэ нь зурган дээрх гэрэлтүүлгийг өөрчлөх боломж олгодог хэрэгсэл бөгөөд өмнө нь зөвхөн Copilot+ компьютерт ашиглах боломжтой байсан.

Харин одоо Microsoft уг боломжийг тохирох үзүүлэлттэй бүх Windows 11 төхөөрөмжид хүргэхээр туршиж байна.

Одоогоор эдгээр өөрчлөлт зөвхөн Insider туршилтын хувилбарт байгаа тул Windows 11-ийн тогтвортой хувилбарт яг энэ хэлбэрээр хэзээ нэмэгдэх нь тодорхойгүй байна. Туршилтын явцад функцүүд өөрчлөгдөх, эсвэл зарим хэсэг нь хасагдах боломжтой.

Гэхдээ Microsoft-ын одоогийн чиглэлээс харахад Windows 11-д зурагтай ажиллах нэг аппын оронд тус тусын зориулалттай хэд хэдэн хэрэгсэл ашиглах загвар руу шилжиж байгаа нь тодорхой болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.