Украины цахим спортын Passion UA баг Counter-Strike 2-ийн бүрэлдэхүүнээ худалдахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тус багийг Украины хөлбөмбөгчин, Нидерландын “Аякс” клубийн тоглогч Александр Зинченко эзэмшдэг.
Зинченко Passion UA багийг 2023 оны зун байгуулсан бөгөөд богино хугацаанд CS2-ийн өрсөлдөөнт тавцанд танигдаж эхэлсэн юм. Монголын тоглогч Senzu ч өмнө нь тус багт зээлээр тоглож байсан билээ.
Одоогоор Passion UA-ийн үндсэн бүрэлдэхүүнд дөрвөн тоглогч байгаа бөгөөд тав дахь тоглогчоор ENCE багаас зээлээр авсан Виктор “sdy” Оружев тоглож байна.
Багийн одоогийн бүрэлдэхүүн:
Жонни “JT” Теодосиу
Сантино “try” Ригал
Владислав “Kvem” Король
Николас “nicx” Ли
Виктор “sdy” Оружев — зээлээр
Passion UA яагаад CS2 бүрэлдэхүүнээ зарах шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Санхүүгийн хүндрэл үүссэн эсэх, эсвэл багийн стратегийн өөрчлөлттэй холбоотой эсэх талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа юм.
Хэрэв мэдээлэл батлагдвал Passion UA-ийн CS2 төслийн цаашдын хувь заяа, мөн тоглогчдын дараагийн багууд цахим спортын хүрээнд анхаарал татах сэдэв болох төлөвтэй байна.