50 жилийн настай Apple-1 дуудлага худалдаанд 1.15 сая ам.доллар хүрчээ

50 жилийн настай Apple-1 дуудлага худалдаанд 1.15 сая ам.доллар хүрчээ

Apple компанийн түүхэн дэх хамгийн ховор компьютеруудын нэг Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1.15 сая ам.долларын үнэ хүрэн шинэ эзэнтэй болжээ.

“Hatfield” хэмээн нэрлэгддэг энэхүү Apple-1 компьютерийг Apple компани байгуулагдсан 1976 онд үйлдвэрлэсэн байна. Бараг хагас зуун жилийн настай ч төхөөрөмж өнөөдөр хүртэл хэвийн ажилладаг бөгөөд электрон хавтан дээр нь Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Steve Wozniak-ийн гарын үсэг байдаг нь үнэ цэнийг нь улам нэмэгдүүлжээ.

Компьютерийг Нью-Йорк хот дахь Bonhams дуудлага худалдааны ордон худалдаанд гаргасан бөгөөд урьдчилсан үнэлгээгээр 500-800 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан аж. Гэвч эцсийн үнэ таамгийг давж, 1.15 сая ам.долларт хүрсэн байна.

Steve Jobs-ийн 1978 оны захидлыг хамт өгчээ

Шинэ эзэн зөвхөн Apple-1 компьютерыг аваад зогсохгүй Steve Jobs-ийн 1978 оны нэгдүгээр сард бичсэн түүхэн захидлыг ч хамт хүлээн авчээ.

Уг захидал компьютерын анхны эзэн Fred Hatfield-д хаяглагдсан бөгөөд Jobs түүнд Apple-1-ээ дөрвөн килобайтын санах ойтой, илүү шинэ Apple II загвараар солих санал тавьж байсан байна.

Гэвч Fred Hatfield тухайн үед энэ саналыг хүлээн аваагүй бөгөөд Apple-1 компьютероо хадгалж үлджээ. Түүний энэ шийдвэр олон арван жилийн дараа уг төхөөрөмжийг Apple-ийн түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй цуглуулгын эд зүйлсийн нэг болоход хүргэсэн юм.

Apple-1 нь компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн бөгөөд өнөөгийн ойлголтоор бүрэн тоноглогдсон компьютер байгаагүй. Төхөөрөмжийг урьдчилан угсарсан электрон хавтан хэлбэрээр худалддаг байсан бөгөөд худалдан авагчид дэлгэц, гар болон бусад хэрэгслээ өөрсдөө холбон ашиглах шаардлагатай байжээ.

Тухайн үед Apple-1 технологийн зах зээлд томоохон шинэчлэл болж, Steve Jobs болон Steve Wozniak нарын үүсгэн байгуулсан жижиг компани цаашид дэлхийн хамгийн том технологийн брэндүүдийн нэг болох эхлэлийг тавьсан юм.

Apple-1-ийн хадгалагдан үлдсэн төхөөрөмжүүдийн тооны талаар өөр өөр бүртгэл байдаг. Нэг бүртгэлд 94 ширхэг Apple-1 өнөөдөр хүртэл оршин байгаа гэж дурддаг бол Bonhams-ийн тооцоолсноор дэлхий даяар 75 хүрэхгүй ширхэг үлдсэн байж магадгүй аж.

Тэдгээрээс бүрэн ажиллагаатай хэвээр байгаа компьютерийн тоо бүр ч цөөн тул “Hatfield” шиг баталгаатай гарал үүсэл, Steve Wozniak-ийн гарын үсэг, Steve Jobs-ийн захидалтай төхөөрөмж цуглуулагчдын хувьд онцгой үнэ цэнтэйд тооцогдож байна.

Ийнхүү анх компьютерын шинэ загвараар солихоос татгалзаж хадгалсан Apple-1 бараг 50 жилийн дараа 1.15 сая ам.долларын үнэтэй технологийн түүхэн дурсгал болжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.