Apple компани хиймэл оюун ухааны хэрэгслүүдийн улмаас хайлтын траффик мэдэгдэхүйц буурсан тухай шүүх хуралдаанд мэдэгдсэн бол OneLittleWeb аналитик байгууллагын тайлан эсрэг байр суурьтай байна. Судалгаагаар хиймэл оюуны чатботууд нийт хайлтын урсгалын маш бага хувийг эзэлж байгаа бөгөөд Google-ийг ChatGPT-ээс 34 дахин илүү хэрэглэж байна.
2024 оны 4-р сараас 2025 оны 3-р сарын хооронд шилдэг 10 хайлтын систем сард дунджаар 155 тэрбум зочилт авсан бол AI чатботуудыг багтаасан 10 платформ нийлээд ердөө 4 тэрбум зочилттой байжээ. Нийт дүнгээр, AI чатботуудын жилийн траффик 55.2 тэрбум байсан бөгөөд үүний 87%-ийг ChatGPT эзэлж, 47.7 тэрбум зочилтоор тэргүүлсэн байна. Хятад гаралтай DeepSeek болон Google-ийн Gemini тус бүр 1.7 тэрбум хандалттайгаар хоёрдугаар байрыг хуваалцсан бөгөөд DeepSeek-ийн траффик өмнөх хугацаанаас 113,007%-иар өссөн ч энэ нь бараг тэгт ойр эхлэлтэй байсны үр дүн гэж тайлбарлажээ.
Чатботын траффик хурдтай өсөж байгаа ч уламжлалт хайлтын системүүд давамгайлсан хэвээр. Хайлтын системүүд 2025 оны хоёрдугаар сард 161 тэрбум зочилт авч, өмнөх оны хоёрдугаар сард байсан 148 тэрбумаас огцом өссөн байна. Чатботуудын хувьд, 2024 оны тавдугаар сараас эхлэн хэрэглээ тогтмол өссөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 7 тэрбум зочилтод хүрчээ. Харин жилийн өмнө 2023 оны наймдугаар сард 2.1 тэрбумд хүрч унаж байсан түүхтэй.
OneLittleWeb-ийн өгөгдлөөс үзэхэд, AI чатботууд нийт хайлтын урсгалын ердөө 2.96%-ийг л эзэлж байгаа нь тэдгээр нь одоогоор Google зэрэг уламжлалт системүүдийн хувьд ноцтой өрсөлдөгч болоогүйг харуулж байна. Чатботуудын нийт хэрэглээ жилийн дотор 80.9%-иар өссөн бол хайлтын системүүдийн хэрэглээ 0.51%-иар буурсан байна.
Эдгээр тоон үзүүлэлтүүд нь Apple-ийн дэд ерөнхийлөгч Эдди Кью 2025 оны 5-р сарын 7-ны өдөр Google-ийн эсрэг шүүх хуралдаанд хэлсэн мэдэгдлийг эргэлзээтэй болгоод байна. Тэрбээр хиймэл оюун ухааны өрсөлдөөнөөс үүдэж Apple-ийн төхөөрөмжүүд дээрх хэрэглээ огцом буурсан хэмээн мэдэгдсэн боловч энэхүү баримт нь үүнийг бүрэн нотолж чадахгүй байгаа бололтой. Alphabet-ийн хувьцаа уг мэдэгдлийн дараа 8%-иар унасан ч Google хиймэл оюуны нөлөөг хэтрүүлэн үнэлж байна гэж эсэргүүцсэн. Харин OneLittleWeb-ийн тайлан нь энэ байр суурийг бататгасан хэлбэртэй байна.