AMD ирэх Zen 6 архитектур дээр суурилсан шинэ үеийн Medusa Point APU-г 22 цөмтэйгээр танилцуулж магадгүй гэж HXL болон бусад алдартай мэдээллэгчид мэдээллээ. Хэрэв энэхүү цуурхал батлагдвал Medusa Point нь AMD-ийн одоогийн Zen 5 Strix Point APU-г шууд залгамжлагч биш бөгөөд эхлээд Gorgon Point (Strix Point refresh) хувилбар гарч, дараа нь Medusa Point нэвтэрнэ.
Zen 6 архитектур нь 2026 оны Computex-ээр дэлгэрэнгүй танилцуулагдах магадлалтай бөгөөд график талдаа RDNA 3.5+ дизайныг нэвтрүүлэх гэж байгаа ч олон хэрэглэгчдийн хүсэж байсан RDNA 4 бус байх хандлагатай байна.
Medusa Point-ийн гол онцлог:
- Ryzen 5/Ryzen 7 хувилбарууд нь 4 Zen 6, 4 Zen 6c (өндөр нягтралтай), 2 LP (Low Power) цөмтэй 10 цөмт архитектуртай байх төлөвтэй.
- График талдаа 8 Compute Unit бүхий RDNA 3.5+ iGPU (Radeon 860M-тэй төстэй) суурилагдана.
- Ryzen 9 Medusa Point хувилбар нь хамгийн ихдээ 22 цөмтэй байх бөгөөд үүнд 12 цөмтэй CCD (Venice-тай төстэй), 4 Zen 6, 4 Zen 6c, 2 LP цөмүүд орох магадлалтай.
- Энэхүү архитектур нь MCM (Multi Chip Module) дизайнтай байх бөгөөд 3nm ба 2nm процессорын технологи хослон ашиглагдах хүлээлттэй байна.
Medusa Point APU-ийн гол онцлог нь өндөр хүчин чадалтай CCD болон Ryzen 5/7 загваруудын I/O болон iGPU хэсгийг нэгтгэсэн MCM загвар болох юм.
Бусад техникийн үзүүлэлтүүд, тухайлбал санах ойн контроллер, NPU, cache-ийн нарийн тохиргоонууд хараахан ил болоогүй. Medusa Point APU-үүд Intel-ийн Panther Lake болон ирэх Nova Lake платформуудтай шууд өрсөлдөх төлөвтэй байгаа ч AMD CPU тал дээр давамгайлах боломж өндөр байна.
Эцэст нь, Zen 6 суурьтай Medusa Point нь AMD-ийн мобайл болон дээд түвшний хэрэглэгчдэд зориулсан шинэ хүчирхэг APU болж, зах зээл дээр том өөрчлөлт авчирч магадгүй байна.