Xiaomi: Өөрсдийн анхны XRING 01 процессорыг танилцуулж, Snapdragon болон Dimensity-д сорилт өгнө

нийтлэгч Содном Энхбаяр
Xiaomi

Xiaomi компани олон жилийн турш хөгжүүлж ирсэн өөрсдийн анхны ухаалаг утасны процессор XRING 01-ийг албан ёсоор танилцууллаа. Уг чипийг тусгай зориулалтаар байгуулагдсан, 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээсэн бөгөөд энэ нь Xiaomi-ийн хувьд стратегийн том алхам болж байна.

Одоогоор XRING 01-ийн техникийн үзүүлэлтүүдийг албан ёсоор зарлаагүй ч, GizmoChina-ийн мэдээлснээр TSMC-ийн 4 нм технологоор үйлдвэрлэгдэх бөгөөд 1+3+4 цөмийн бүтэцтэй аж. Үүнд:

  • 3.2 ГГц Cortex-X925 өндөр хүчин чадалтай цөм
  • 2.6 ГГц 3 ширхэг Cortex-A725
  • 2.0 ГГц 4 ширхэг Cortex-A520 цөмүүд багтах бөгөөд график хурдасгуур нь Imagination Technologies-ийн IMG DXT72, 1.3 ГГц хурдаар ажиллах гэнэ.

Тус GPU нь Snapdragon 8 Gen 2 дахь Adreno 740-ыг давж гарах чадвартай гэж мэдээлэгдэж байна. Гэвч XRING 01 нь Snapdragon 8 Elite болон Dimensity 9400-тэй шууд өрсөлдөхөөс бага зэрэг хоцрох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Өнөөг хүртэл ухаалаг утасны зах зээлд өөрсдийн чиптэй томоохон тоглогчид бол Google, Samsung, Huawei байсан бөгөөд эдгээр нь Apple-ийн A-серийн процессортой харьцуулахад өргөн хүрээнд өндөр үнэлэгдээгүй. Гэвч Хятадын компаниуд барууны технологиос хамаарал багасгахыг эрмэлзэж, Xiaomi, Oppo, Vivo, OnePlus нар Google-гүй Android хөгжүүлж байгаа нь тус улсын технологийн салбарт том алхам боллоо.

Xiaomi-ийн анхны XRING 01 чип нь энэ оны тавдугаар сарын сүүлээр худалдаанд гарч, Xiaomi 15s загварт анх нэвтэрнэ гэж мэдээлж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.