Дэлхийд тэргүүлэгч хайлтын систем Google нь хэрэглэгчийн хайлтын туршлагад шинэлэг өөрчлөлт оруулах зорилгоор хиймэл оюуны шинэ чатботыг системдээ нэмсэн байна. “AI Mode” хэмээх энэхүү нэмэлт горимыг мягмар гарагаас эхлэн АНУ-ын хэрэглэгчид ашиглах боломжтой болжээ. Хайлтын цэсэнд сонголтын хэлбэрээр орсон тус горим нь хэрэглэгчдэд илүү хувийн, гүнзгий харилцаа үүсгэх боломж олгоно.
Google-ийн зүгээс энэ шинэ чатбот нь хэрэглэгчидтэй мэргэжлийн түвшний харилцан яриа өрнүүлэх боломжтой гэдгийг онцолсон юм. Уг үйлчилгээг Калифорни мужийн Mountain View хотод зохион байгуулагдсан жил тутмын програм хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр анх танилцуулсан бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны ChatGPT болон бусад ижил төстэй технологи бүхий платформуудтай өрсөлдөх стратегийн нэг хэсэг гэгдэж байна.
“Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай энэ талаар:
“Хиймэл оюуны Gemini чатботыг хайлтын системтэй нэгтгэж буй явдал нь хиймэл оюуны платформд шилжих шинэ үе шатыг илтгэх дохио боллоо” хэмээн мэдэгджээ.
Үүнээс гадна Google нь нүдний шил үйлдвэрлэгч “Warby Parker” болон “Gentle Monster” компаниудтай хамтран “augmented reality” буюу нэмэгдсэн бодит байдал дээр суурилсан ухаалаг нүдний шил бүтээж буйгаа мэдээлсэн байна. Энэхүү нүдний шил нь камер, микрофон, чанга яригч зэрэг хиймэл оюун ухааны туслах системтэй байх бөгөөд “Meta” болон “Ray Ban” компанийн хамтын бүтээгдэхүүнтэй шууд өрсөлдөхөөр төлөвлөж буй юм. Шинэ бүтээгдэхүүнээ 2025 оны эцсээр зах зээлд танилцуулахаар төлөвлөж байна.