Steam Deck тархинд суулгагдах уу? Valve тархины чип хөгжүүлж, 2025 онд танилцуулахаар зэхэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Steam Deck

Valve компанийн үүсгэн байгуулагч Гейб Ньюэлл хүний тархи руу чиглэсэн дараагийн технологийн давалгааг бэлдэж байна. Хэдийгээр Valve-ийг тоглоомын салбарын аварга хэмээн мэддэг ч тэд хиймэл мэдрэлийн интерфэйс (нейроинтерфейс) хөгжүүлж буйгаа олон жилийн өмнөөс ил тод ярьж байсан. Харин одоо энэхүү санаачилга бодит биелэл болох эхний алхмаа хийжээ.

Valve-ийн Starfish Neuroscience нэртэй тусгай төслийн хүрээнд боловсруулагдаж буй тархины имплант чипийн анхны хувилбар 2025 оны эцэс гэхэд бэлэн болох тухай мэдээлэл ил болжээ. Уг чип нь хүний тархины үйл ажиллагааг бичиж, шаардлагатай тохиолдолд тодорхой хэсгийг цахилгаанаар идэвхжүүлж өгөх зорилготой. Чип нь энгийн хэрэглээнд зориулагдаагүй ч ирээдүйд эмчилгээ, тархины эрүүл мэнд, магадгүй тоглоомын удирдлагад ч ашиглагдаж болзошгүй юм.

Starfish чипийн гол үзүүлэлтүүд:

  • Энергийн хэрэглээ: 1.1 мВт
  • Хэмжээ: 2 x 4 мм
  • Электродын байрлал: 32, нэгэн зэрэг 16 суваг бичлэг (18.75 кГц давтамжтай)
  • Дотоод мэдээлэл боловсруулалт, бага зурвасын өргөнтэй утасгүй холболт
  • Бие даасан импульс илгээх систем
  • 55-нм TSMC технологоор үйлдвэрлэгдэнэ
  • Цэнэггүйгээр утасгүй эрчим хүчээр ажиллана

Энэхүү чип нь Elon Musk-ийн Neuralink-тэй харьцуулахад илүү авсаархан, бага хүч хэрэглэдэг, мөн хэд хэдэн тархины бүстэй зэрэг холбогдох боломжтой байхаар бүтээгдэж буй. Neuralink-ийн N1 хувилбар нь 1024 электрод бүхий 64 судалтай бөгөөд 6 мВт орчим эрчим хүч хэрэглэдэг, батерейтай, 23×8 мм хэмжээтэй юм.

Starfish-ын мэдэгдэж буйгаар, Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн эмгэгүүд зөвхөн нэг цэг биш, тархины бүсүүдийн харилцан холбооны алдагдлаас үүдэлтэй байж болох тул олон хэсэгт нэгэн зэрэг холбогдох шийдэл шаардлагатай гэж үздэг. Энэ нь тус чипийн гол зорилго гэдгийг онцолж байна.

Valve анх 2010-аад оны эхээр VR төхөөрөмжийн туршилтад чихний омог дээр мэдрэгч суурилуулах санаачилга гаргаж байв. Мөн 2019 онд GDC (Game Developers Conference)-д мэдрэлийн интерфейсийн сэдвийг нээлттэй хэлэлцэж байсан түүхтэй. Тэр жилдээ Ньюэлл Starfish Neuroscience нэртэй стартап байгуулж, тархины интерфейс хөгжүүлэх зорилтоо албан ёсоор эхлүүлсэн юм.

Түүнчлэн Apple компани ч нейроинтерфейс сонирхож байгаа ч одоогоор зөвхөн iPhone-ийг хянах түвшинд төвлөрч байгааг мэдээлжээ.

Valve-ийн хувьд энэхүү санаачилга тоглоомоос цааш хальж, тархины гүн түвшний ойлголт болон мэдрэлийн эмгэгийг эмчлэх шийдэл рүү чиглэж эхэлсэн нь анхаарал татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.