Дрон үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэгч DJI компани ойрын хугацаанд гурван шинэ загварын дроныг танилцуулахаар зэхэж байна. Эдгээр нь DJI Mini 5 Pro, DJI Avata 3 болон DJI Neo 2 бөгөөд албан ёсны бүртгэл болон мэдээллийн алдагдлаас харахад удахгүй нийтэд танилцуулах бололтой.
Хамгийн эхэнд DJI Mini 5 Pro загвар гарах нь баттай болсон. Энэ нь 2023 оны есдүгээр сард гарсан Mini 4 Pro-ийн шууд залгамж халаа болох юм. АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комиссын (FCC) бүртгэлд орсон нь энэхүү шинэ загвар аль хэдийн үйлдвэрлэлийн шатандаа орсныг илтгэж байна. Mini 5 Pro нь илүү багтаамжтай батарей, хурдан цэнэглэлтийн дэмжлэгтэй гарах бөгөөд анх есдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч, одоо тавдугаар сард багтан танилцуулагдаж магадгүй байна.
Хоёр дахь шинэ загвар болох DJI Avata 3 нь FPV төрлийн дрон бөгөөд алдарт Avata 2 загварын сайжруулсан хувилбар юм. @Quadro_News нэртэй инсайдер туршилтын бичлэг нийтэлсэн нь энэхүү дрон шинэ төрлийн пропеллерийн хийц, томруулсан камерын мэдрэгч зэрэг сайжруулалттай байж болзошгүйг харуулжээ. Гэхдээ техникийн нарийвчилсан үзүүлэлт одоогоор ил болоогүй байна.
Гурав дахь шинэчлэл нь DJI Neo 2 бөгөөд анхны Neo загвар 2024 оны есдүгээр сард танилцуулагдаж байв. Энэхүү шинэ хувилбарын тухай мэдээллийг @OsitaLV нийтэлсэн бөгөөд одоогоор тодорхой үзүүлэлтүүдийг зарлаагүй байгаа ч базын функцууд сайжирч, боломжийн үнээ хадгалах хандлагатай байх гэнэ.
Mini 5 Pro загвар хамгийн түрүүнд танилцуулагдах магадлалтай байхад Avata 3 болон Neo 2 загварууд арай хожуу, магадгүй 2025 оны хоёрдугаар хагаст гарч болзошгүй байна. DJI-ийн шинэчлэгдсэн загварууд нь дрон сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна.