TikTok хиймэл оюун ухаанд суурилсан шинэ түлхүүр үгийн шүүлтүүр нэвтрүүлж байна – Та ямар контент харахаа өөрөө шийд!

нийтлэгч Содном Энхбаяр
TikTok

TikTok компани энэ мягмар гарагт хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг түлхүүр үгийн шүүлтүүрийн системийг танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд “Танд зориулсан” хуудсан дээрээ харахыг хүсэхгүй байгаа контентоо илүү үр дүнтэй хязгаарлах боломжийг олгоно.

Өмнө нь TikTok хэрэглэгчдэд тодорхой түлхүүр үг ашиглан контент шүүх боломж олгодог байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн үгтэй утга ижил, синоним үгсийг ч таньж, автоматаар шүүх боломжтой болж байна. Жишээ нь, хэрэв та “засвар” гэх үгийг шүүхээр тохируулбал, “сэргээх”, “шинэчлэх” зэрэг төстэй агуулгууд ч автоматаар блоклогдоно.

TikTok-оос мэдэгдснээр хэрэглэгчид өөрсдийн тохируулсан үгсээс гадна ямар нэмэлт үгс шүүгдэж буйг харж, шаардлагатай бол жагсаалтаас устгах эсвэл хадгалах сонголттой байх болно. Үүнээс гадна одоогийн 100 түлхүүр үгийн хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 200 болгож, олон үг нэг дор нэмэх процессыг илүү хялбарчилна гэж компанийн зүгээс мэдээллээ.

TikTok хиймэл оюун ухаанд суурилсан энэ шүүлтүүр систем хэрэглэгчдийн хэрэглээний мэдээлэлд үндэслэн улам боловсронгуй болж, илүү нарийвчлалтай ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн тус компани 2024 оны наймдугаар сард АНУ-д туршилтаар эхлүүлсэн “Сэдэв удирдах” нэртэй функцээ дэлхий даяар ашиглах боломжтой болгожээ. Энэ функц нь хэрэглэгчид өөрийн “Танд зориулсан” хуудсанд ямар сэдвээр илүү олон эсвэл цөөн контент харахыг өөрсдөө тохируулах боломж олгодог. Жишээлбэл, спорт, аялал, хоол, бүжиг, хошин шог, мэдээ зэрэг агуулгыг бага эсвэл их хэмжээгээр харах тохиргоог хийх боломжтой.

Энэхүү функцэд хандахын тулд хэрэглэгч “Тохиргоо” цэс рүү орж, “Контент тохиргоо” хэсгээс “Сэдэв удирдах” цэсийг сонгож, слайдерийг ашиглан тухайн төрлийн контентын үзэгдэх байдлыг тохируулах боломжтой.

Мөн TikTok өнөөдөр хэрэглэгчдэд “Танд зориулсан” хуудсаа хэрхэн илүү үр дүнтэй удирдах талаар зааварчилгаа бүхий шинэ гарын авлага танилцуулж байгаагаа мэдэгдлээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.