АНУ-ын Даллас хотноо үргэлжилж буй Counter-Strike 2 (CS2) төрлийн энэ оны анхны ДАШТ — BLAST.tv Austin Major 2025 тэмцээний нэгдүгээр шат гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж буй Монголын Chinggis Warriors баг өнөө өглөө Бразилын Fluxo багтай тулж, 2:1-ийн харьцаатай анхны ялалтаа авлаа.
Тэмцээний эхний хоёр тоглолтод дараалан хожигдож, амаргүй эхлэлтэй байсан манай баг ийнхүү нэг хожил, хоёр хожигдолтой болж, тэмцээний хүснэгтэд 13 дугаар байрт бичигдэж эхэллээ. Харин Бразилийн Fluxo баг энэ ялагдлаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Өглөөний BO3 (best-of-three) буюу 3 тоглолтын системээр явагдсан тулаанд Chinggis Warriors баг эхний Ancient map дээр 10:13-аар хожигдсон ч, Mirage map дээр 13:11, эцсийн шийдвэрлэх Nuke map дээр итгэл төгс 13:2 оноогоор ялалт байгуулсан юм.
Тоглолтын MVP буюу шилдэг тоглогчоор ‘controlez’ (Б.Өнөдэлгэр) тодорсон нь багийн хувьд сэтгэл хөдөлгөм мөч боллоо.
Ирэх шөнө 01:30 цагт манай баг дараагийн тоглолтоо Хятадын Lynn Vision Gaming багийн эсрэг хийхээр товлогдсон бөгөөд уг тоглолтод хожвол хоёрдугаар шатанд дэвших эрхийн төлөө тоглох боломжтой болно.
BLAST.tv Major тэмцээний эхний шат бүрд нэг баг тав хүртэл тоглолт хийх эрхтэй бөгөөд гурван ялалт байгуулсан багууд шууд дараагийн шатанд шалгарна. Харин гурван ялагдал хүлээсэн баг тэмцээнээс хасагдана.
Chinggis Warriors багийн хувьд бүх зүйл хараахан дуусаагүй бөгөөд дараагийн тоглолтод хожвол боломж нээлттэй хэвээр байх юм.