АНУ-ын Остин хотод үргэлжилж буй CS2-ийн хамгийн том тэмцээн болох Мэйжор-ын хоёрдугаар шатны тоглолтууд өндөр өрсөлдөөн, гэнэтийн үр дүн дунд үргэлжилж байна. Харин хамгийн их анхаарал татсан үйл явдал бол Саудын Арабын “Falcons” багийн сенсацитай хожигдол байв.
m0NESY болон Falcons: Өндөр хүлээлт, гэнэтийн уналт
Дэлхийн топ снайпер тоглогч m0NESY-г асар өндөр үнээр элсүүлсэн Falcons баг Бразилын MIBR багт 1-2 харьцаатай хожигдож, Мэйжороос хасагдлаа. Тэдний хувьд плей-оффын гол фаворитуудын нэг гэж тооцогдож байсан ч энэхүү ялагдал томоохон шок болж хувирав.
m0NESY өөрийн Telegram хуудсандаа:
“Мэйжорт бид үнэхээр аймшигтай муу тоглолоо. Хэлэх ч үг алга. Энэ улирлыг ингэж өндөрлөж байгаадаа маш их гунигтай байна. Би үнэхээр өөртөө гутарч байна. Дараа улирал уулзъя” хэмээн сэтгэлээ илчилжээ.
NiKo ч сэтгэлээр унажээ
Falcons багийн бас нэгэн гол тоглогч NiKo тоглолтын дараа:
“Бид 5vs3 нөхцөлд хожигдсон нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Бүх бэлтгэл, бүх тоглолтыг бодоход ийм үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Үнэхээр гунигтай байна” гэж мэдэгджээ.
Түүний хувьд Мэйжорт түрүүлэх мөрөөдөл дахин нурлаа.
Мэйжорт үлдсэн багууд, супер өрсөлдөөн
Одоогоор дараагийн шатанд шалгараад буй багууд:
- Legacy
- Virtus.pro
- paiN Gaming
- 3DMAX
- FURIA
Эдгээр багууд гуравдугаар шатанд Vitality, MOUZ, Spirit, The MongolZ зэрэг дэлхийн шилдэг багуудтай тулах юм.
Legacy багийн гайхалтай аялал
Бразилын Legacy багийн хувьд Мэйжорт оролцох анхны төлөвлөгөөгүй байсан ч Аргентины BESTIA баг визийн асуудлаар оролцож чадаагүй тул орлон тоглож байгаа. Гэвч тэд анхны шатанд 3-2, хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй дараагийн шатанд шалгарсан нь жинхэнэ үлгэрийн адал явдал мэт болж байна.