OpenAI танилцууллаа: o3 Pro — хамгийн ухаалаг логик сэтгэлгээтэй хиймэл оюун ухааны загвар

нийтлэгч Содном Энхбаяр
OpenAI

OpenAI компани o3-pro нэртэй шинэ үеийн флагман хиймэл оюун ухааны загвараа албан ёсоор танилцууллаа. Энэ загвар нь өмнөх o1-pro хувилбарыг ChatGPT платформоос бүрэн орлох бөгөөд илүү нарийвчилсан сэтгэх чадвартай, тогтвортой хариулт өгөх чадвар сайтай гэдгээрээ онцлог юм. Тус загвар нь математикийн бодлого, байгалийн ухаан, кодчилол зэрэг нарийн мэдлэг шаардсан сэдвүүдэд тогтмол сайн үр дүн үзүүлж байгаа тул OpenAI энэхүү загварыг шинэ стандарт болгон танилцуулж байна.

o3-pro нь илүү өндөр нөөц ашиглан “илүү гүнзгий сэтгэх” зарчмаар ажилладаг бөгөөд хэрэглэгчийн асуулт дээр тулгуурлан хэрэгслүүдийг шууд дуудаж ажиллах чадвартай болсон. Үүнд вэб хайлт, Python код ашиглалт, зураг ойлгох, файл унших болон хувь хүнд тохируулсан хариулт боловсруулах боломжууд багтаж байгаа нь өмнөх хувилбаруудаас томоохон дэвшил юм. Энэ шинэ загвар илүү ухаалаг хариулт өгөх боловч хариулах хугацаа нь бага зэрэг урт болох магадлалтай тул OpenAI-аас хурд биш найдвартай байдал илүү чухал үед ашиглахыг санал болгож байна.

Шинэ загвар ChatGPT-ийн Pro болон Team багцын хэрэглэгчдэд аль хэдийнэ ашиглах боломжтой болсон бол Enterprise болон Education платформуудын хэрэглэгчид ирэх долоо хоногоос хандах боломжтой болно. Харин хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар нь 200,000 токентой контекст цонхтой бөгөөд нэг сая оролтын токенд 20 ам.доллар, нэг сая гаралтын токенд 80 ам.долларын үнэ ханштайгаар санал болгож байна. Хугацаа хэтрэхээс сэргийлж фонов горимд ашиглахыг зөвлөж буй.

Мөн o3-pro загварын хувьд одоогоор түр хугацаанд зарим боломж хязгаарлагдмал байгаа. Тухайлбал, түр чат идэвхгүй, зураг үүсгэх боломжгүй, Canvas платформ дэмжигдэхгүй байгаа талаар OpenAI анхааруулсан. Энэхүү загварын мэдлэгийн хүрээ 2024 оны тавдугаар сарын 31-нээр хязгаарлагдаж байгаа бөгөөд цаашид улам сайжруулах ажил үргэлжилж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.