Дэлхийн тоглоомын салбарын манлайлагч Mattel компани хиймэл оюун ухааны чиглэлээр тэргүүлэгч OpenAI-тэй хамтран ажиллах түншлэл байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь алдарт Барби болон бусад брэндийн тоглоомуудыг шинэ үеийн ухаалаг, интерактив хэлбэрт шилжүүлэх зорилготой.
Энэхүү гэрээний хүрээнд Mattel компанийн олон жилийн туршлагыг OpenAI-ийн хиймэл оюун ухааны дэвшилтэт технологитой хослуулж, дэлхий даяар хүүхэд болон гэр бүлүүдэд зориулсан шинэлэг, дижитал тоглоом бүтээхээр ажиллаж байна. Тэдний хамтран бүтээх бүтээгдэхүүнүүд нь зөвхөн зугаа цэнгэл төдийгүй, аюулгүй байдал, хувийн мэдээллийн нууцлал, насны зохицлыг хангах бүх шаардлагыг биелүүлнэ гэж мэдэгджээ.
Эхний хиймэл оюун ухаантай тоглоомууд энэ оны эцэс гэхэд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа ч яг ямар төрлийн бүтээгдэхүүн болохыг ил болгоогүй байна. Энэ нь хэрэглэгчдийн сонирхлыг татах, зах зээлд шуугиан тарьсан бүтээгдэхүүн болж чадна гэж салбарынхан үзэж байна.
Mattel зөвхөн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн дээр ажиллаад зогсохгүй, компанийнхаа дотоод үйл ажиллагаанд ч OpenAI-ийн шийдлүүдийг нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал, ChatGPT Enterprise-ийг ашиглан бизнесийн дотоод процессуудыг оновчтой болгож, үйлдвэрлэлийн үйл явцыг илүү хурдан, ухаалаг болгох зорилт тавьсан байна. OpenAI-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Бред Лайткап энэ талаар “Mattel нь хиймэл оюун ухааны тэргүүлэх хэрэгслүүд болон бүтээлч байдал, бүтээмж, компанийн хэмжээний шинэчлэлийг дэмжих шинэ арга хэрэгслүүдэд бүрэн нэвтрэх боломжтой боллоо” хэмээн онцолжээ.
Тэгвэл эдгээр ухаалаг тоглоомууд үнэхээр аюулгүй байж чадах уу гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд оржээ. Mattel-ийн зүгээс OpenAI-ийн ШИ технологийг ашиглахдаа хүүхдийн аюулгүй байдал болон хувийн мэдээллийг хамгаалах асуудалд ямар ч буулт хийхгүй хэмээн мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл хиймэл оюун ухаантай тоглоомууд дуу хоолой таних, урьдчилан бэлтгэсэн хариулт өгөх зэрэг хязгаарлагдмал функцтэй байсаар ирсэн. Харин бодитоор сэтгэж, хэрэглэгчийн хариу үйлдэлд ухаалаг ханддаг тоглоом зах зээлд гарах цаг ойртжээ.
Гэхдээ энэ бүх шинэчлэлүүдийн цаана нэгэн тодорхойгүй байдал оршсоор байна. Хиймэл оюун ухаантай тоглоомд хэт итгэх нь эрсдэл дагуулах магадлалтай. 2022 онд гарсан “M3GAN” хэмээх триллер кинон дээр хиймэл оюун ухаан бүхий хүүхэлдэй хэрхэн хяналтаас гарч, аюул учруулж болдгийг харуулсан нь үүний нэг тод жишээ юм. Иймээс бодит амьдрал дээр иймэрхүү “амилсан” тоглоом хэрхэн аюулгүй байдлыг хангах нь тун чухал асуудал болоод байна.
Мөн хүүхдүүдтэй жинхэнэ мэт ярилцаж, ойлгож чаддаг Барби хүүхэлдэй ирээдүйд гарч магадгүй гэх хүлээлт нэмэгдэж байгаа ч ийм тоглоомуудыг ёс зүйн хүрээнд хэр тохиромжтойгоор нэвтрүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.