НАСА агентлаг энэ зун Netflix-тэй хамтран шинэ төрлийн шууд дамжуулалт бүхий сансрын шоу нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх гэж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхий даяарх 700 сая хэрэглэгчид пуужин хөөргөх мөчөөс эхлээд сансрын нисгэгчдийн алхалт, номлолын тайлан, Олон улсын сансрын станц (ОУСС)-аас авсан гайхалтай бичлэгүүдийг шууд үзэх боломжтой болно.
НАСА-гийн Ерөнхий менежер Ребекка “1958 оны Үндэсний Аэронавтик, Сансрын Удирдлагын тухай хууль нь биднийг сансрын түүхийг аль болох олон хүнд хүргэхийг үүрэг болгосон. Бид өнөөгийн үзэгчдэд шинэ санаа, урам зориг өгч, тэднийг инноваци, нээлтийн шинэ эринд хөтөлж байна” хэмээн онцолсон юм.
Netflix-ээр цацагдах энэхүү сансрын контент нь NASA+ платформын агуулгын нэг хэсэг юм. NASA+ нь 2023 онд ашиглалтад орсон бөгөөд баримтат кино, боловсролын материал, шууд дамжуулалт бүхий өргөн хүрээтэй контент агуулдаг. Шинэ нэвтрүүлгүүдийн дийлэнх нь NASA-ийн вебсайт болон аппликейшн дээр үнэгүй хэвээр байх бөгөөд захиалга шаардахгүй.
НАСА нь сошиал медиа, аудио-видео контент, шууд үйл явдлуудаар дамжуулан олон нийтийг татан оролцуулахад үргэлж анхаардаг. Энэхүү хөтөлбөрүүдийн гол зорилго нь шинжлэх ухааны нээлт, шинэ санаа, сансар огторгуйн эрэл хайгуулын үнэ цэнийг өргөн олон нийтэд хүргэх юм.
Үүнээс гадна, агентлаг Австралийн Үндэсний Их Сургуультай хамтран Дэлхий, Сарны хооронд лазер харилцааны дэвшилтэт технологийг туршиж байна. Артемис II хөтөлбөрт уг технологийг туршихаар төлөвлөсөн бөгөөд амжилттай болвол гүний сансрын лазер холбоо албан ёсоор ашиглалтад орох эхлэл болно.
Лазер холбооны давуу тал нь өндөр хурдтай, өндөр чанартай мэдээллийг дамжуулах чадварт оршино. Сарнаас 4K видео, өндөр нягтралтай дүрс болон дуу хоолойг ердөө хэдхэн секундийн дотор Дэлхий рүү илгээх боломжтой болох юм. Артемис II нь сансрын нисгэгчид ийм төрлийн холболт ашиглах гэж оролдож буй анхны тохиолдол болох юм.