Цахим тоглоомын ертөнцөд өргөн хэрэглэгддэг “Discord” платформд хамаарах 70 мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн зураг алдагдсан байж болзошгүй талаар мэдээлэл гарлаа.
Гаднын үйлчилгээ үзүүлэгч цахим халдлагад өртжээ
“Discord”-ийн мэдээллийн дагуу, дэлхий даяар 200 сая гаруй хэрэглэгчийн насыг баталгаажуулахад тусалдаг гаднын үйлчилгээ үзүүлэгч фирм цахим халдлагад өртсөн байна. Гэсэн хэдий ч үндсэн “Discord” платформ халдлагад өртөөгүй гэж мэдэгджээ.
Халдлагын үеэр иргэний үнэмлэхийн зураг, хэсэгчилсэн зээлийн картын мэдээлэл, хэрэглэгчийн үйлчилгээний агенттай харилцсан зарим мессеж алдагдсан байж болзошгүй аж. Харин нууц үг болон зээлийн картын бүрэн мэдээлэл хамгаалагдсан хэвээр байна.
Мөрдөн шалгалт, аюулгүй байдлын арга хэмжээ
Одоогоор “Discord” энэ хэрэгтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагуудтай хамтран шалгалт хийж байна. Нөлөөлөлд өртсөн хэрэглэгчидтэй тус тусад нь холбоо барьж байгаа бөгөөд түр хугацаанд тусламж үйлчилгээний системийг хаасан байна.
Платформын төлөөлөгч “BBC”-д өгсөн ярилцлагадаа, “энэ зөрчил нь Discord-ийн үндсэн системд нөлөөлөөгүй бөгөөд халдлагад оролцсон этгээдүүдийн мөнгө нэхсэн оролдлогыг бид няцаасан” гэжээ.
Өндөр эрсдэлтэй хувийн мэдээлэл
Кибер аюулгүй байдлын шинжээчдийн үзэж буйгаар, иргэний үнэмлэхийн зураг, бүрэн нэр зэрэг мэдээлэл нь банкны картын мэдээллээс илүү үнэ цэнтэй, учир нь эдгээр нь хугацаагүй, өөрчлөгддөггүй байдаг. Ийм төрлийн мэдээлэл “хар зах”-д өндөр үнээр зарагддаг байна.
Discord-ийн өмнөх арга хэмжээ
Сүүлийн жилүүдэд “Discord” насны баталгаажуулалтын системээ сайжруулсан. Учир нь зарим серверүүд дээр порнограф болон хэт давруу үзэл сурталтай контент тархаж байсан тул компани аюулгүй байдлыг чангатгаж байжээ.
1 сэтгэгдэл
Мэдээллийн аюулгүй байдал маш чухал — ийм алдагдалтай байж болохгүй