Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн томоохон тэмцээн болох “CS Asia Championships 2025” Хятадын Шанхай хотод үргэлжилж байна.
Нийт 1 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “The Huns Esports” баг оролцож байгаа юм. Тэмцээнд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй бөгөөд хэсэг бүрээс гурван баг плейофф шатанд шалгарах дүрэмтэй.
- Хоёр хожсон баг шууд дараагийн шатанд шалгарна,
- Харин хоёр ялагдсан баг тэмцээнээ өндөрлөнө.
Эхний тоглолтод Францын “3DMAX”-т ялагдав
Манай улсын “The Huns Esports” баг өнөөдөр эхний тоглолтоо Францын “3DMAX” багийн эсрэг хийж, 1:13 харьцаагаар ялагдлаа. Үүний дараагаар тэд А хэсгийн доод хүснэгтэд орж, тэмцээнээс хасагдахгүйн төлөөх тулаанаа ОХУ-ын “Virtus.pro” багийн эсрэг өнөөдөр 15:00 цагт хийхээр болсон байна.
Хэрэв Монголын баг энэ тоглолтод хожвол, маргааш 17:00 цагт дараагийн шатанд шалгарахын төлөө дахин тоглоно.
Шагналын сан ба ирэх сорилтууд
- 1-р байр – 400,000 ам.доллар
- 2-р байр – 170,000 ам.доллар
- 3-р байр – 130,000 ам.доллар
“The Huns Esports” баг нь 2025 онд болох StarLadder Budapest Major дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ хэдийнээ авсан бөгөөд Монголын цахим спортын хамгийн амжилттай багуудын нэгт тооцогддог.
“The Huns Esports” багийн бүрэлдэхүүн:
- nin9 (Г.Есөнтөмөр)
- Bart4k (Б.Баатархүү)
- cobrazera (У.Анарбилэг)
- xerolte (Э.Мөнхтогтох)
- skOR (Б.Тэнгис)