2025 оны арваннэгдүгээр сарын 9-нд НАСА Канаверал хошуунаас “ESCAPADE” (Escape and Plasma Acceleration and Dynamics Explorers) нэртэй шинэ сансрын даалгавраа хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ нь өөр гараг руу илгээж буй анхны давхар хиймэл дагуулын экспедиц бөгөөд Ангараг гарагийн соронзон орон, дээд агаар мандал болон ионосферийг гурван хэмжээст байдлаар судлах зорилготой юм.
Давхар судалгааны хөлөг ба зорилго
Калифорнийн их сургуулийн Беркли дэх Сансрын шинжлэх ухааны лабораторийн удирдлага дор бүтээсэн хоёр ижил хиймэл дагуул — “Цэнхэр” ба “Алтан” нь 2027 онд Ангараг гарагт хүрэх бөгөөд тус гарагийн орон зайн “анхны стерео дүрсийг” авах юм.
Төслийн менежер Роберт Лиллис хэлэхдээ:
“Ионосферийн өөрчлөлтийг судалснаар Ангараг дээрх радио дохионы гажуудлыг засах арга замыг илүү сайн ойлгох боломжтой болно” хэмээн онцолсон.
Төслийн зорилго нь Ангараг гараг агаар мандлаа хэрхэн алдаж, цаашид ямар нөхцөл байдал хүлээж байгааг тодруулах юм. Судалгааны үр дүн нь цаашид гариг дээр суурьших, харилцаа холбоо болон навигацийн технологид чухал нөлөө үзүүлэхээр тооцогдож байна.
Бүтэц ба хөөргөлт
Хоёр хиймэл дагуулын шинжлэх ухааны багаж, антенн, өгөгдөл боловсруулах системийг Берклигийн инженерүүд бүтээсэн бол сансрын хөлгийн үндсэн корпусыг Rocket Lab компани боловсруулжээ. Хөөргөлтийг Blue Origin компанийн New Glenn пуужингаар гүйцэтгэх юм.
Цэнхэр, Алтан дагуулуудыг Берклигийн нислэгийн удирдлагын төвөөс хянах бөгөөд судалгааны явцад сансрын орчны динамикийг бодит цагийн горимоор ажиглана.
Ангараг гарагийн соронзон орон ба аюул
Ангараг нь дэлхийтэй харьцуулахад соронзон хамгаалалтгүй, нимгэн агаар мандалтай учраас нарны шуурганы цацраг хүний ДНХ-д гэмтэл учруулж, хорт хавдрын эрсдэл нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил “Curiosity” роверийн бүртгэлээр нэг өдрийн нарны шуурганы цацраг нь дэлхий дээрх зуу гаруй өдрийн тунтай тэнцэх хэмжээтэй байсан аж.
ESCAPADE баг сансрын цаг агаарын өөрчлөлтийг нарийн хэмжүүрээр хянаж, Ангараг орчимд гарч болзошгүй цацрагийн дэгдэлтийг урьдчилан таамаглах системийг туршина.
Шинэлэг нислэгийн зам
Энэхүү нислэг нь уламжлалт Ангараг руу чиглэсэн “хоёр жил тутмын цонх”-оос ялгаатай зам ашиглана. ESCAPADE эхлээд Дэлхий ба Нарны таталцлын тэнцвэрийн цэг (Лагранжийн цэг) рүү хүрч, тэнд нэг жилийн турш тойрог замд нисээд, дараа нь таталцлын маневр хийж 2026 онд Ангараг руу хөөрнө.
Энэхүү уян хатан нислэгийн зам нь ирээдүйд Ангараг руу чиглэх олон экспедицийн шинэ гарц нээж, хөөргөлтийн богино хугацааны хязгаарлалтаас ангижрах боломжийг олгоно.
НАСА-гийн төслийн түнш Advanced Space компанийн Жеффри Паркер хэлэхдээ:
“Бид гаригууд төгс байрлалд ороогүй байсан ч Ангараг руу явах чадварыг туршиж байна. ESCAPADE нь гариг хоорондын аяллын түүхэнд шинэ бүлэг нээж байна” гэж онцлов.
Ирээдүйн судалгааны гүүр
ESCAPADE нь зөвхөн хоёр хиймэл дагуулын нислэг биш — энэ бол хүн төрөлхтөнд Ангарагийг илүү ойр, ойлгомжтой, судлагдсан гариг болгох анхны алхам юм.