Хиймэл оюуны магадлал бусдыг ардаа орхив
Америкийн алдарт Time сэтгүүл энэ жилийн “Оны хүн”-ээ тун удахгүй зарлах гэж буй энэ үед хиймэл оюун ухаан (AI) хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Kazinform агентлагийн мэдээлснээр, уг сэтгүүлийн редакц AI-г бие хүн бус “Оны хүн”-ий статустай дүйцэх хэмжээнд авч үзэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Polymarket цахим таамаглалын платформд гарсан тооцооллоор хиймэл оюун 36 хувийн магадлалаар “Оны хүн” болох төлөвтэй байгаа нь бусад нэр дэвшигчдээс нэлээд хол тасарч явааг харуулж байна. Ингэснээр AI нь Time сэтгүүлийн нүүрийг чимэх гол кандидатаар эрэмбэлэгдээд байна.
Хэн хэн хиймэл оюуныг араас нь нэхэж байна вэ?
Хиймэл оюунаас гадна хэд хэдэн нөлөө бүхий хүн нэр дэвшигчдийн жагсаалд бичигдэж байна. Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг 17 хувийн магадлалаар хоёрдугаарт жагсч байгаа бол Католик шашны тэргүүн XIV Лео 14 орчим хувийн болзошгүй хувьтай байна.
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы хувьд мөн нэр дэвшигчдийн тоонд багтсан ч түүний “Оны хүн”-ээр тодрох боломж 8 орчим хувьд хүрээд байгаа нь AI-тай харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд Time сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Оны хүн”-ээр тодруулсан. Тэрбээр өнгөрсөн оны сонгуульд дахин өрсөлдөхдөө улс төрийн тавцанд эргэн ирж, сонгуулийн дүн аль ч тал руу хэлбийж болзошгүй байсан мужуудад ялалт байгуулж, улс төрийн гол тоглогчоор эргэн тодорч байв.
“Оны хүн” юу илэрхийлдэг вэ?
Time сэтгүүл 1927 оноос хойш жил бүр “Оны хүн”-ийг тодруулсаар ирсэн уламжлалтай. Энэ цол нь тухайн жилд дэлхий нийтийн амьдрал, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл зэрэгт хамгийн мэдрэгдэх нөлөө үзүүлсэн хүн эсвэл үзэгдэлд олгодог. Тодорхой “сайн” эсвэл “муу” байх гэсэн шалгуур огт байдаггүй, гол нь нөлөөллийн цар хүрээ, эрчим юм.
Шагналыг заавал нэг хувь хүнд олгодоггүй. Жишээлбэл, 1969 онд “дунджаар америкчууд”-ыг, 2006 онд “интернэтийн хэрэглэгчид”-ийг “Оны хүн”-ээр өргөмжилж байв. Харин 1982 онд компьютерийг “Оны машин” хэмээх тусгай статусаар нэрлэсэн нь технологийн эрин үе эхэлж байсны бэлгэдэл болсон.
Хэрэв энэ жил хиймэл оюун ухааныг “Оны хүн”-ээр тодруулбал Time сэтгүүл хүн бус ойлголт, технологийн шийдлийг төвд нь тавьсан өөр нэгэн түүхэн шийдвэр гаргах бөгөөд AI-ийн дэлхийд үзүүлж буй нөлөөг албан ёсоор хүлээн зөвшөөрч буй томоохон дохио болно гэж ажиглагчид үзэж байна.