Electronic Arts (EA) компанийн хувьцаа эзэмшигчид бизнесийг 55 тэрбум ам.доллараар зарах саналыг дэмжсэн тухай мэдээлэгдлээ. Худалдан авагч нь Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан (PIF) бөгөөд нэгж хувьцаанд 210 ам.доллар санал болгосон байна.
Энэхүү хэлэлцээр бодитоор хэрэгжвэл EA SPORTS FC, Battlefield зэрэг цувралуудаараа танигдсан 40 жилийн түүхтэй тоглоомын хэвлэн нийтлэгчийн хувьд хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болох юм. Саудын PIF сүүлийн жилүүдэд интерактив зугаа цэнгэлийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн хүрээнд тоглоом, eSports болон холбогдох экосистемд оролцоогоо тэлсээр байгаа.
Хэлэлцээр дуусвал EA олон нийтийн компаниас гарна
Хэлэлцээр эцэслэн хаагдсаны дараа EA нь бирж дээр арилжаалагддаг олон нийтийн компани байхаа больж, хаалттай бүтэцтэй болохоор байна. Ингэснээр компанийн удирдлага болон хөгжүүлэлтийн багууд улирал тутмын санхүүгийн тайлан, хөрөнгийн зах зээлийн богино хугацааны дарамтаас ангид болж, урт хугацааны хөгжүүлэлт, бүтээгдэхүүний стратегид төвлөрөх боломж нэмэгдэнэ гэж энэ талаар мэдээлэлд онцолжээ.
EA Mobile: Real Racing 3 үе шаттай хаагдана
Үүний зэрэгцээ EA Mobile салбарын зүгээс гар утасны уралдааны Real Racing 3 тоглоомыг 12 жилийн дараа хаахаар болсон тухай өмнө нь мэдэгдсэн байна. Хаалтын явц үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд эхний алхам нь энэ сард дижитал дэлгүүрүүдээс татах боломжийг хязгаарлах байдлаар эхэлж, 2026 оны эхээр серверүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.