300 ТБ Spotify архив: Аннагийн Архив орчин үеийн хөгжмийг хадгална

нийтлэгч Содном Энхбаяр
300 ТБ Spotify архив: Аннагийн Архив орчин үеийн хөгжмийг хадгална

Spotify-ийн бараг бүх каталогоос бүрдсэн аварга архив

Аннагийн Архивын Төсөл Spotify үйлчилгээний өгөгдөл дээр суурилсан, асар том хэмжээтэй нээлттэй архив бүтээснээ зарлалаа. Уг архив нь платформын бараг бүх каталогоос бүрдсэн мета өгөгдөл төдийгүй хэдэн арван сая аудио файлыг агуулж байна. Төслийн багийн мэдээлснээр ойролцоогоор 256 сая дууны мета өгөгдөл цугларсан нь Spotify-ийн нийт каталогийн 99.9 хувийг хамарчээ. Үүн дээр нэмээд тусад нь бүрдүүлсэн 86 сая орчим аудио файл нь платформ дээрх нийт сонсголын 99.6 хувийг төлөөлж байна гэж тооцоолжээ. Ийнхүү бүрдсэн архивын нийт хэмжээ 300 терабайтад дөхөж байгаа бөгөөд хэрэглэгчид уг сан руу торрент сүлжээгээр дамжуулан хандах боломжтой аж.

Номноос хөгжмийн өв рүү чиглэсэн өргөтгөл

Аннагийн Архивын баг энэ аварга өгөгдлийг орчин үеийн хөгжмийг урт хугацаанд хадгалж, хамгаалах зорилготой гэж тодорхойлж байна. Төвлөрсөн сервер, өндөр өртөгтэй дэд бүтэц шаардахгүй, хүссэн хүн толин хуулбар үүсгэж болох бүтэцтэй байхаар төлөвлөсөн нь төслийн гол философи аж.

Аннагийн Архив анхнаасаа ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, бичмэл өвийг хадгалахад чиглэж ирсэн ч энэ удаад орчин үеийн хөгжмийн томоохон хэсгийг архивлах хэрэгцээ улам нэмэгдсэнтэй холбоотойгоор хүрээгээ тэлж байна.
Төслийн санаачлагчид Spotify нь дэлхий дээр бүтээгдсэн бүх хөгжмийг төлөөлөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, дэлхийн хэмжээний хөгжмийн архив үүсгэхэд хамгийн бодитой эх суурь гэж үзжээ.

Нээлт хийх үе шат: эхлээд мета өгөгдөл, дараа нь аудио

Архивыг олон нийтэд нээх үйл явц шат дараатай явагдаж байна. Одоогийн байдлаар зөвхөн мета өгөгдөл бүрэн нээлттэй бөгөөд дуу, цомгийн хавтас зэрэг аудио болон дүрслэлтэй холбоотой файлуудыг аажмаар нэмэхээр төлөвлөжээ.

Эхний ээлжид хамгийн их сонсогддог, түгээмэл бүтээлүүдийг багтааж, үүний дараа бага танигдсан контентуудыг үе шаттайгаар нэмэх аж. Одоогоор архивыг зөвхөн торрент файл болон түүнтэй холбоотой сүлжээгээр дамжуулан татах боломжтой бөгөөд гол зорилго нь хөгжмийг алдагдалгүй, урт хугацаанд хадгалах явдал гэдгийг онцолжээ.

Хэрэв нээлттэй нийгэмлэгээс хангалттай сонирхол, дэмжлэг ирвэл цаашдаа нэг бүрчлэн файл татах боломжтой өөр хэлбэрийн хүртээмж нэвтрүүлэх хувилбарыг үгүйсгэхгүй гэдгээ мөн дурдсан байна.

Хадгалалтын техникийн шийдэл, шахалтын стратеги

Техникийн хувьд хамгийн их сонсогддог дуунуудыг Spotify-д ашиглагддаг анхны OGG Vorbis формат, 160 кбит/с битийн хурдтайгаар хадгалж, бүрэн хэмжээний мета өгөгдлийн багцтай нь хамтатгасан байна. Харин тоглуулалт багатай, өргөн хүрээнд танигдаагүй дуунуудыг OGG Opus формат руу 75 кбит/с орчим битийн хурдтайгаар дахин кодчилж, архивын нийт хэмжээг зохистой түвшинд барих стратеги баримталжээ. Төслийн багийн зүгээс 2025 оны долоодугаар сараас хойш нэмэгдсэн зарим шинэ бүтээл, хувилбарууд одоогоор багтаагүй байж болзошгүйг мөн анхааруулсан байна.

Spotify каталогоос гарсан аналитик зураг

Аннагийн Архив Spotify-ийн каталогоос гаргасан бүтэц, статистикийн зарим дүнг ч мөн танилцуулжээ. Тэдний судалгаагаар платформ дээрх дуунуудын 70 гаруй хувь нь 1000-аас бага удаа тоглуулсан, өөрөөр хэлбэл сонсголын хувьд “урт сүүл” хэсэгт хамаарч байна.

Харин дуунуудын ердөө 0.1 орчим хувь буюу ойролцоогоор 210 мянган бүтээл нийт тоглуулалтын дийлэнхийг бүрдүүлдэг аж. Хамгийн алдартай гурван дууны нийлбэр тоглуулалт нь хамгийн бага сонсогддог хэдэн арван сая дуунуудаас давж байгаа нь анхаарал татна.

Мөн Spotify дээр байрлаж буй хөгжмийн ихэнх нь цомог бус, сингл хэлбэртэй болж, жил ирэх тусам шинэ бүтээлийн тоо огцом нэмэгдэж байгааг онцолжээ. Үүний улмаас урт хугацааны соёлын үнэ цэнтэй контентыг ялган түүвэрлэх, хадгалан үлдээх ажил улам төвөгтэй болж байгааг тэд дүгнэсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.