Хятадад хувийн чатаар ёс бус мессеж бичвэл баривчлах шинэ хуулиар

нийтлэгч Содном Энхбаяр
Хятадад хувийн чатаар ёс бус мессеж бичвэл баривчлах шинэ хуулиар

Цахим “хоосон орон зай”-г хаах шинэчлэл

БНХАУ-ын “Нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэ өөрчлөлтөөр цахим орчин дахь, ялангуяа хувийн харилцааны сувагт түгээдэг ёс бус мэдээлэлд ногдуулах хариуцлагыг мэдэгдэхүйц чангатгасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Шинэчилсэн зохицуулалт нь мессенжер, нийгмийн сүлжээ, хувийн чат зэрэг ямар ч сувгаар эротик агуулгатай контент дамжуулахыг захиргааны зөрчил гэж шууд үзэж, “цахим хууль эрх зүйн хоосон орон зай”-г арилгаснаараа онцлог юм.

Ёс бус контент илгээвэл баривчилгаа, өндөр торгууль ногдоно

Хуулийн 80 дугаар зүйлийн шинэчилсэн найруулгад мэдээллийн сүлжээ болон утасны холбоогоор ёс зүйд нийцэхгүй агуулгатай ном, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг зэрэг материалыг бэлтгэх, тээвэрлэх, худалдах, түрээслэх эсвэл түгээсэн тохиолдолд шууд шийтгэл оногдуулахаар заажээ.

Ингэхдээ илүү ноцтой тохиолдолд 10-15 хоногийн хугацаагаар баривчлахтай зэрэгцэн 5000 хүртэл юанийн буюу ойролцоогоор 700 ам.долларын торгууль ногдуулна. Харьцангуй бага зөрчил дээр тав хүртэл хоног баривчлах, эсвэл 1000-3000 юанийн (140-420 ам.доллар) хооронд торгох боломжтой.

Хамгийн эмзэг хэсэг болох насанд хүрээгүй хүүхдийг хамарсан контент илэрвэл дээр дурдсан арга хэмжээнээс хамгийн хатууг нь хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ нь бичвэр, зураг, видео, дуу биш, хамрах хүрээнд багтах бүх материалыг хамарна.

Групп чат, зохион байгуулалттай түгээлт эрүүгийн хариуцлагад хүрч болзошгүй

Шинэ журам олон нийтийн бүлгүүд, групп чат, зохион байгуулалттай түгээлтийн асуудлыг тусад нь онцолжээ. Шүүхийн байгууллагуудын мэдээлснээр, садар самуун, эротик агуулгатай материалыг зориуд түгээдэг, 30 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулж, түүнийг удирдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж нээгдсэн.

Мөн захиргааны байгууллагын ажилтнууд ийм төрлийн зөрчлийг үл тоомсорлох, арга хэмжээ авахгүй байх нь ч өөрөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж болохыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл “үл үйлдэх” байдлаар хуулийг зөрчсөн албан тушаалтнуудад ч хатуу хариуцлага тооцох заалт оржээ.

Ёс зүйн маргаанаас шууд хуулийн хариуцлага руу

Эдгээр өөрчлөлтөөс өмнө БНХАУ-д эротик, садар самуун агуулгатай контентыг хувийн зорилгоор илгээх, хүлээн авахыг гол төлөв ёс зүйн асуудал гэж үзэж, илүү ноцтой, олон нийтэд ил харагдах түвшинд гарсан тохиолдолд л хуулийн хариуцлагад татдаг байсан.

Шинэчилсэн хуулиар агуулгыг түгээж буй хэлбэрийг огт тоолгүйгээр, нийтэд нээлттэй групп, хаалттай чат, хоёр хүний шууд харилцаа, ашиг олох зорилготой эсэхийг үл харгалзан хуулийн дагуу шийтгэхийг тодорхой заасан. Энэ нь цахим орчин дахь хувийн харилцааг ч “хуулийн гадна” орон зай биш гэдгийг илтгэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.