Өглөө сэрэхэд танай данснаас их хэмжээний мөнгө гарсан, өөр улсаас имэйл рүү тань нэвтэрсэн тухай мэдэгдэл ирсэн, эсвэл сошиал хуудсан дээр тань өөрийн тань нэрээр хачин пост нийтлэгдсэнийг харах нөхцөл олон хүнд тохиолддог бодит эрсдэл болсон. Ийм үед хүмүүсийн хамгийн түгээмэл хэлдэг үг нь “Би хакердуулна гэж бодоогүй” байдаг.
2FA гэж юу вэ, яагаад “илүүдэл” биш вэ
Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт (2FA) нь нэмэлт гоёл чимэглэл биш, бүртгэлийн хамгаалалтын суурь арга юм. Хэн нэгэн таны нууц үгийг олж авсан ч нэмэлт баталгаажуулах кодгүйгээр нэвтрэх боломжгүй болдог. Ихэнх халдлага нууц үг дээр суурилдаг тул 2FA идэвхтэй байх нь ийм эрсдэлийг бараг бүрэн хаахад тусалдаг. Гол асуудал нь олон хүн 2FA-г “хакердуулсны дараа” л санадаг явдал юм.
Имэйл яагаад хамгийн түрүүнд хамгаалагдах ёстой вэ
Имэйл бол дижитал амьдралын “түлхүүр” учраас бусад үйлчилгээний нууц үгийг сэргээх, нэвтрэх эрх буцаан авах ихэнх үйл явц эндээс эхэлдэг. Халдагч таны имэйлийг хяналтандаа авбал олон акаунтыг нэг дор булаах боломж нээгдэнэ. Тиймээс имэйлээ хамгаалах нь хамгийн эхний алхам байх ёстой гэж үздэг. Энэ тохиолдолд SMS-ээс илүү баталгаажуулах апп ашиглахыг хамгийн зөв сонголт гэж онцолжээ.
Санхүүгийн үйлчилгээнд 2FA байхгүй бол эрсдэл хамгийн өндөр
Банк, төлбөрийн апп, крипто бирж зэрэг санхүүгийн үйлчилгээ нь луйварчдын гол бай. Энд 2FA бараг “заавал” байх шаардлагатай гэж тооцогддог. Ялангуяа крипто үйлчилгээний хувьд хулгайлагдсан хөрөнгийг буцаах боломж тун хязгаарлагдмал байдаг тул нэмэлт хамгаалалт бүр ч чухал гэж дурдсан байна.
Сошиал, мессенжер, үүлэн хадгалалт ч адилхан эмзэг
Нийгмийн сүлжээний акаунт хакердуулбал зөвхөн зураг, бичлэг алдахаар зогсохгүй таны нэрийг ашиглан найз нөхдийг тань хуурах, линк явуулах, мөнгө нэхэх зэрэг эрсдэл нэмэгдэнэ. Үүнтэй адил хувийн захидал харилцаа, ажлын холбоо барих мэдээлэл хадгалагддаг мессенжерүүд ч хамгаалалт шаарддаг. Үүлэн үйлчилгээ дээр баримт бичиг, зураг, нөөц хуулбар хадгалагддаг тул мэдээлэл алдагдах нь хувийн болон ажлын амьдралд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учраас 2FA-г онцлон шаарддаг.
Ажлын бүртгэл хакердуулбал байгууллага бүхэлдээ эрсдэлд орно
Корпорацийн имэйл, ажлын систем, байгууллагын дотоод үйлчилгээ рүү нэвтрэх нэг л бүртгэл алдагдах нь зөвхөн нэг хэрэглэгч бус бүх компанид асуудал үүсгэх боломжтой гэж тайлбарласан. Олон байгууллага 2FA-г заавал болгосон нь үүнтэй холбоотой гэжээ.
Тоглоомын платформ хүртэл санхүүгийн эрсдэл дагуулдаг
Тоглоомын платформууд ихэвчлэн банкны карттай холбогдсон байдаг бөгөөд худалдан авсан тоглоом, доторх эд зүйлс, дахин зарагдах боломжтой үнэ цэнтэй контент агуулдаг. Тиймээс эдгээр акаунтад ч 2FA хэрэгтэй гэж дурдсан байна.
Аль 2FA хамгийн найдвартай вэ
Хамгийн зөв сонголт нь төхөөрөмж дээр код үүсгэдэг баталгаажуулагч аппликейшн гэж үздэг. SMS-ийг зөвхөн нөөц хувилбар болгон ашиглахыг санал болгожээ. Харин физик аюулгүй байдлын түлхүүрүүд хамгийн өндөр түвшний хамгаалалтыг өгдөг бөгөөд ялангуяа имэйл болон санхүүгийн үйлчилгээнд онцгой ач холбогдолтой гэж тайлбарласан байна.