Apple мэргэжлийн болон оффисын аппликейшнуудынхаа бодлогыг өөрчилж, өмнө нь нэг удаа худалдаж аваад бүх шинэчлэлтийг авах боломжтой байсан загвараас аажмаар холдож эхэллээ. Final Cut Pro, Pixelmator Pro зэрэг апп-уудыг урьдын адил нэг удаа худалдаж авах боломж үлдсэн ч цаашид бүх шинэ функц автоматаар нээгдэх баталгаа алга болж, зарим боломж зөвхөн төлбөртэй захиалгаар идэвхжих нөхцөл үүсээд байна.
Creator Studio захиалга: “ухаалаг” боломжууд нэг багцад, гэхдээ төлбөртэй
Шинээр гарч ирсэн Creator Studio нь хэд хэдэн аппликейшн доторх “ухаалаг” функцууд болон дээд зэрэглэлийн контентуудыг нэг дор нээдэг багц захиалга гэж тайлбарлагдаж байна. АНУ-д энэ захиалга сард 12.99 ам.доллар, жилд 129 ам.долларын үнэтэй бөгөөд оюутнуудад илүү хямд нөхцөлтэй аж.
Apple аппликейшнүүдээ нэг удаа худалдаж авах сонголтыг шууд цуцлаагүй. Гэхдээ “нэг удаа авсан бол цаашдын бүх шинэчлэлт, шинэ боломжууд автоматаар нээгдэнэ” гэсэн өмнөх ойлголт эвдэрч, шинэ боломжуудын нэг хэсэг нь захиалгын хүрээнд үлдэх болсон нь гол өөрчлөлт болж байна.
Final Cut Pro, Pixelmator Pro хамгийн их өртөв; оффисын апп-ууд freemium руу орж байна
Өөрчлөлт хамгийн мэдэгдэхүйц нь Final Cut Pro болон Pixelmator Pro дээр ажиглагдаж байна. Эдгээрийг нэг удаа худалдаж авах боломж хэвээр бөгөөд үндсэн шинэчлэлтүүд үргэлжилнэ. Гэхдээ хиймэл оюун ухаан, автоматжуулалттай холбоотой шинэ боломжууд захиалга шаарддаг болж, апп-ууд “үндсэн хувилбар” ба “захиалагчдын дэвшилтэт хувилбар” гэсэн бүтэц рүү хуваагдаж эхэлж байна.
Logic Pro болон MainStage дээр Apple өөр зарчим баримталж, худалдан авалтын хэлбэрээс үл хамааран бүх функц нээлттэй байдаг хуучин загварыг хадгалж байгаа гэж мэдээлэв. Гэхдээ энэ ялгаатай шийдвэрийн шалтгааныг компани тайлбарлаагүй байна.
Keynote, Numbers, Pages, Freeform зэрэг оффисын апп-ууд албан ёсоор үнэгүй хэвээр үлдэх боловч freemium загварт шилжинэ гэж дурджээ. Өөрөөр хэлбэл үндсэн боломжууд нь үнэгүй үлдэх ч “ухаалаг” шинэ функцууд, нэмэлт загварууд, контентын сан зэрэг нь захиалгаар нээгдэх төлөвтэй.
Эхний жишээ ч гарч эхэлсэн байна. Pixelmator Pro дээр шинэ деформацийн хэрэгсэл нэмэгдсэн бол оффисын апп-уудад загвар, график бүхий тусдаа төв (content hub) орж иржээ. Apple эдгээр шинэчлэлийг хиймэл оюун ухааны хөгжилтэй шууд холбоотой гэж үзэж байгаа аж.