Дэлхий даяарх “офлайн” сценарийн бодит магадлал
Интернеттэй холбоотой асуудал бидэнд өдөр тутам тохиолддог. Чухал тайлан илгээх мөчид холболт тасрах, дуртай цувралын оргил хэсэгт видео гацах зэрэг нь хэвийн үзэгдэл. Харин бүхий л дэлхий даяар нэгэн зэрэг интернет алга болно гэх төсөөлөл бодит амьдрал дээр гарах боломжтой юу гэсэн асуулт улам их тавигдах болсон.
Интернет гэдэг нь өөрөө олон сая сүлжээ, сервер, кабель, төхөөрөмжөөс бүрдэх “сүлжээний сүлжээ” юм. Гэр, оффис, олон нийтийн орчин, дата төвүүд хоорондоо нийлж, асар том, тархсан бүтэц үүсгэдэг. Энэ бүхнийг бүрэн унтраахын тулд дэд бүтцийн маш олон түвшинд нэгэн зэрэг томоохон гэмтэл, доголдол үүсэх шаардлагатай болно.
Дартмутын коллежийн инженерийн профессор Жорж Сайбенко энэ талаар
“Энэ нь онолын хувьд боломжтой боловч үүнд ихээхэн нөөц болон/эсвэл нөхцөл байдлын гайхалтай хослол шаардлагатай болно”
хэмээн тайлбарлаад
“Энэ бол маш магадлал багатай үйл явдал боловч боломжтой хэвээр байна.”
гэж нэмж хэлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, онолын хувьд бүхэл бүтэн интернэтийг унагах боломж огт байхгүй биш ч практик дээр ийм зүйл тохиолдохын тулд олон улсын хэмжээнд зэрэгцсэн, маш том хэмжээний сүйрэл, халдлага, системийн доголдол давхцах ёстой гэсэн үг.
Яагаад бүхэл бүтэн интернет унаж чадахгүй шахам бүтэцтэй вэ?
Интернэтийг анхнаас нь бүрэн доголдлоос сэргийлсэн, аль болох уян хатан байхаар төлөвлөсөн байдаг. Сүлжээний гол зарчим нь төвлөрсөн бус, олон цэгээр чиглүүлэгддэг архитектур юм.
Мэдээлэл (жишээ нь энгийн текст мессеж ч бай) нэг бүхэл багцаар биш, жижиг хэсгүүд буюу багцуудад хуваагдана. Эдгээр багц нь тухайн мөчид хамгийн хурдан, боломжтой гэж тооцогдсон замаар дамжин явдаг. Нэг маршрут хаагдсан ч багц өөр чиглэлээр тойрч, эцсийн цэгтээ хүрэх боломжтой байдаг. Ийм байдлаар сүлжээ “нэг том зам” дээр бус, олон сонголт бүхий торон бүтэц дээр ажилладаг.
Энэ архитектурын ачаар:
– далайн доорх шилэн кабель тасрах
– бүс нутгийн хэмжээний дата төв унтрах
– томоохон үйлчилгээ үзүүлэгчийн сервер доголдох
– програм хангамжийн алдаа, кибер халдлага гарсан
тохиолдолд ч бүхэл сүлжээ бус, хэсэгчилсэн саатал үүсэх нь түгээмэл. Cloudflare зэрэг томоохон үйлчилгээ үзүүлэгч бүрэн унтарсан ч ихэвчлэн тодорхой бүс, үйлчилгээ хэсэгчлэн доголдож, тасалдал хэдхэн цагээр хязгаарлагдаж, нийт интернетийг бүхэлд нь унагах хэмжээнд хүрдэггүй.
Илүү ноцтой аюулууд: нарны шуурга, улсын хэмжээний саатал
Сүлжээний ийм уян хатан байдал нь бүх эрсдэлийг үгүй хийж байна гэсэн үг биш. Нарны хүчтэй шуурга, дэд бүтцийн эсрэг чиглэсэн томоохон халдлага, дэлхийн хэмжээний цахилгаан тасалдал зэрэг сценарид сүлжээ хэсэгчлэн бус, өргөн хэмжээнд доголдох боломж бодитоор оршиж байна.
Ийм үед интернетийг бүрэн сэргээхэд шаардлагатай хугацаа хэдэн цаг бус, хэдэн өдөр, зарим тохиолдолд түүнээс ч удаан үргэлжлэх магадлалтай. Гэсэн ч томоохон компани, засгийн газрууд нөөц цахилгаан эх үүсвэр, географийн хувьд тархсан үүлэн хадгалалт, давхар сүлжээний сувгууд зэргийг ашиглан ийм эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулсан байдаг.
Түүнчлэн зарим улс орнууд улс төрийн эсэргүүцэл, үймээн самууны үед интернэтийг зориуд хязгаарлах эсвэл хэсэгчлэн хаах арга хэмжээ авдаг. Энэ нь ихэвчлэн үндсэн дэд бүтцийг таслах, дамжуулах сувгийг удаашруулах, зарим протокол, үйлчилгээ рүү нэвтрэлтийг хаах хэлбэрээр хэрэгждэг. Ийм хязгаарлалтыг ихэнхдээ тодорхой хугацааны дараа буцааж цуцалдаг нь “бүр мөсөн унагах” зорилготой биш, хяналт, дарамтын түр арга хэмжээ байдлаар ашиглагдаж байгааг харуулна.
Оксфордын Интернетийн хүрээлэнгийн судлаач Уильям Даттон энэ талаар:
“Бүх тасалдал гарсан ч гэсэн хүмүүс интернет хэр хурдан сэргэдэгт гайхдаг” гэж хэлээд,
“Сүлжээний уян хатан чанар нь үргэлж гайхалтай байдаг.”
хэмээн онцолжээ.
Интернэтээс хэт хамаарал: богино тасалдал ч яагаад аюултай болж байна вэ?
Интернэт зөвхөн имэйл, видео стриминг, сошиал сүлжээний суваг байхаа аль хэдийн больсон. Эмнэлгийн мэдээллийн систем, эрчим хүчний сүлжээ, тээврийн зохицуулалт, банк санхүү, батлан хамгаалах сектор зэрэг маш олон салбар шууд интернетэд тулгуурлан ажиллаж байна.
Тиймээс дэлхийн хэмжээний цахилгаан тасалдал, сүлжээний ноцтой доголдол нь зөвхөн “холболтгүй, уйтгартай орой” бус, амь нас, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд бодит аюул дагуулах хүчин зүйл болж хувирсан.
Даттон энэ утгаар нь:
“Интернет анагаах ухаанаас эхлээд батлан хамгаалах хүртэл амьдралын янз бүрийн салбарт нэгдэх тусам түүний үйл ажиллагаа улам чухал болж байна” гээд
“Богино хугацааны тасалдал ч томоохон асуудал үүсгэж болзошгүй.”
хэмээн анхааруулсан байдаг.
Энэ нь интернет дэлхий даяар нэг мөчид бүрэн алга болох магадлал бага ч, хэсэгчлэн, удаан үргэлжлэх тасалдал бодит эрсдэл хэвээр байгааг илтгэнэ.
Томрох тусам тогтвортой юу, тогтворгүй юу?
Сүлжээ улам томорч, холболтын тоо, хамаарал нэмэгдэхийн хэрээр интернет өөрөө тогтворгүй болж магадгүй гэсэн болгоомжлол байдаг. Өөрөөр хэлбэл, нэг систем хэт томрох тусам нэг доголдлоос үүдэлтэй “нуранги” нөлөө улам хүчтэй болно гэсэн санаа.
Гэхдээ мэргэжилтнүүд эсрэг байр суурьтай байна. Олон тооны зангилаа, бие даасан дэд сүлжээ, тусдаа маршрут нэмэгдэх тусам нэг алдаа, нэг гэмтэл нийт системийг бүхэлд нь унагах магадлал буурч, сүлжээний уян хатан байдал харин ч өсдөгийг тэд онцолжээ.
Даттоны дүгнэлт энэ байр суурийг товчоор илэрхийлдэг:
“Өсөлт нь интернетийг сулруулах биш харин хүчирхэг болгодог. Түүний уналт маш бага магадлалтай.”
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар дэлхийн интернет “нэг товч дарах”, эсвэл ганц гэмтлээр бүрэн унтраах түвшний эмзэг бүтэцтэй биш, харин олон давхар хамгаалалттай, хэсэгчлэн доголдсон ч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай, маш ховор тохиолдлоор л бүхэлдээ аюулд орохуйц түвшинд хүрсэн байна.