Хиймэл оюун ухааныг зохицуулах дэлхийн анхны иж бүрэн хууль
Өмнөд Солонгос хиймэл оюун ухааны хэрэглээг нарийвчлан зохицуулах “Хиймэл оюун ухааны үндсэн хууль”-ийг баталснаар ийм түвшний иж бүрэн эрх зүйн орчин бүрдүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Шинэ журам нь ирэх жилээс шат дараатай хэрэгжиж эхлэх Европын Холбооны ижил төрлийн зохицуулалтаас түрүүлж хүчин төгөлдөр болох юм.
Энэхүү хууль нь хиймэл оюун ухааны системийг эрсдлийн ангиллаар нь зохицуулах зарчимд тулгуурлаж байна. Тухайлбал, “өндөр эрсдэлтэй” ангилалд хамаарах хиймэл оюун ухаанд заавал хүний хяналт, оролцоог хангахыг компаниудаас шаардана. Энэ ангилалд цөмийн аюулгүй байдал, ус хангамж, тээвэр, эрүүл мэнд, мөн санхүүгийн салбар, ялангуяа зээлийн үнэлгээ, зээл олголтын шийдвэр гаргалтад ашиглагдаж буй системүүд багтана.
Генератив AI, өндөр эрсдэлтэй системд тавигдах шинэ үүрэг, торгууль
Хуульд зааснаар компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өндөр эрсдэлтэй эсвэл генератив хиймэл оюун ухаанд тулгуурлаж байгааг хэрэглэгчдэд тодорхой мэдээлэх үүрэгтэй. Мөн бодит агуулгаас ялгахад бэрх, хүний бүтээл мэт харагдах хиймэл оюун ухааны агуулгыг заавал тодорхой шошголж, AI гаралтай болохыг нь ил тод тэмдэглэх ёстой.
Төрийн байгууллагууд энэхүү шинэ зохицуулалтад дасан зохицох боломж олгох үүднээс торгууль, хатуу хариуцлага ногдуулахын өмнө дор хаяж нэг жилийн шилжилтийн үе өгнө. Харин генератив хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг хуульд нийцүүлэн шошголж тэмдэглээгүй тохиолдолд хамгийн ихдээ 30 сая вон буюу ойролцоогоор 20 мянган ам.доллар хүртэл торгууль ногдуулах заалт тусгагдсан.
Ингэснээр хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит мэдээлэлтэй андууруулахуйц агуулгыг хяналтгүй түгээх явдлыг хууль эрх зүйн түвшинд хязгаарлах, хариуцлагыг шууд компаниуд дээр төвлөрүүлэх шинэ тогтолцоо бүрэлдэж байна.
Стартапуудын болгоомжлол, Засгийн газрын дэмжлэгийн амлалт
Шинэ хуулийн найруулга, тодорхойлолтуудын зарим хэсэг нь практикт хэрхэн хэрэгжинэ гэдэг дээр технологийн стартап компаниуд аль хэдийнээ болгоомжилж, тодорхой бус байдал эрсдэл дагуулах вий гэсэн санаа зовнил илэрхийлж эхэлжээ. Ялангуяа “өндөр эрсдэлтэй” ангилалд яг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ багтах, хүний хяналт гэж юуг ойлгох, шошгололтод ямар техникийн стандарт мөрдөх зэрэг нарийн шаардлагууд бизнесийн залуу тоглогчдод ачаалал үүсгэж болзошгүй байна.
Албаны хүмүүс үүнд хариу өгөхдөө шилжилтийн хугацаанд зөвхөн хяналт, торгуульд тулгуурлах бус, зөвлөх үйлчилгээ, техникийн чиглүүлэг өгөх тусгай платформ, тусламжийн төвүүдийг байгуулан дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Ийнхүү Өмнөд Солонгос хиймэл оюун ухааны хөгжил, инновацийг бүрэн хаахгүйгээр, өндөр эрсдэлтэй хэрэглээг хатуу хянах, генератив агуулгын ил тод байдлыг хуульчлан шаардах хосолмол загварыг хэрэгжүүлэхээр зорьж байна.