Илон Маск X Money буюу нийгмийн сүлжээний дижитал төлбөрийн систем, аппликейшнийг ирэх сард эрт нэвтрэх хэлбэрээр олон нийтэд гаргана гэж мэдэгдлээ. Тэрбээр X платформыг “амьдралын бүх хэрэгцээнд зориулагдсан апп” болгох зорилгоо дахин онцолсон байна.
X Money нь X нийгмийн сүлжээ дотор ажиллах санхүүгийн нэгдсэн үйлчилгээ бөгөөд дижитал хэтэвчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь хэрэглэгч хоорондын шууд мөнгөн шилжүүлэг, хандив, худалдан авалтын төлбөр, хөрөнгө хадгалах, мөн cashback (буцаан олголт)-ийн боломжийг санал болгохоор бүтээгдсэн байна.
Tesla компанийн тэргүүн X платформын асар том хэрэглэгчийн бааз болон дижитал санхүүгийн гүйлгээний өсөн нэмэгдэж буй эрэлтийг ашиглан тус сүлжээнд орлогын шинэ эх үүсвэр бий болгохоор зорьж байна.
Өнгөрсөн жил X компани Visa төлбөрийн компанитай түншлэлийн гэрээ байгуулж, энэ нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд шууд төлбөрийн үйлчилгээ санал болгохоор болсон.

Маск 2022 онд тухайн үед Twitter нэртэй байсан X компанийг 44 тэрбум доллараар худалдан авснаас хойш платформыг “супер апп” болгох төлөвлөгөөг идэвхтэй урагшлуулж байгаа юм. Түүний зорилго нь контент дамжуулалт, мессеж солилцоо, зураг, видео нийтлэх, төлбөр тооцоо хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор нэгтгэх явдал юм.