Google app for desktop одоо Windows хэрэглэгчдэд дэлхий даяар хүрч байна
Есдүгээр сард туршилтын хувилбараар гарч байсан Google app for desktop аппликэйшнийг Google компани одоо албан ёсоор Windows хэрэглэгчдэд дэлхий даяар ашиглах боломжтой болгожээ. Одоогоор энэхүү аппликэйшн зөвхөн англи хэл дээр ажиллаж байна.
Интернэтээс гадна компьютер доторх файл, програмуудыг ч хайна
Энэ аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгчид зөвхөн вэб орчноос хайлт хийхээс гадна өөрийн компьютер дээр хадгалсан файлууд, суулгасан програмууд, мөн Google Drive дахь баримтуудаасаа ч мэдээлэл хайх боломжтой юм. Аппликэйшнийг Alt + Space товчны хослолоор шууд нээж болно.
AI Mode болон нэмэлт харааны боломжуудыг дотор нь суулгажээ
Мөн уг аппликэйшнд AI Mode суурилуулсан тул хэрэглэгчид асуулт асууж, хариултаа веб эх сурвалжийн холбоосуудтай нь хамт авах боломжтой болсон байна. Үүнээс гадна Google Lens ашиглах, эсвэл screen sharing функцээр дамжуулан тодорхой нэг цонх, бүр бүх дэлгэц дээр харагдаж буй зүйлтэй холбоотой асуулт тавих боломжтой.
Windows 10 болон түүнээс шинэ хувилбар дээр ажиллана
Google app for desktop аппликэйшнийг Google-ийн албан ёсны сайтаас татаж авах боломжтой. Энэхүү програм нь Windows 10 болон түүнээс хойших үйлдлийн системтэй компьютерууд дээр ажиллах юм.

