Харьцангуй шинэ Android ухаалаг утас ч тодорхой хугацааны дараа өмнөхөөсөө удаан ажиллаж эхлэх тохиолдол бий. Үүний шалтгаан нь заавал төхөөрөмжийн насжилт биш бөгөөд системийн тохиргоо, хадгалах сангийн дүүргэлт, арын горимд ажилладаг аппууд зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
MakeUseOf-ийн мэдээлснээр Android утасны ажиллагааг удаашруулдаг хамгийн түгээмэл шалтгаануудыг шалгаж, зарим тохиргоог өөрчлөхөд төхөөрөмжийн хариу үйлдэл мэдэгдэхүйц сайжирч болох аж.
Хадгалах сан бараг дүүрсэн бол утас удааширна
Юуны өмнө дотоод хадгалах сангийн сул зайг шалгах хэрэгтэй.
Хэрэв утасны санах ой бараг бүрэн дүүрсэн бол систем түр файл үүсгэх, апп шинэчлэх, мэдээлэл боловсруулах зэрэг энгийн үйлдлүүдээ ч илүү удаан гүйцэтгэж эхэлдэг.
Тиймээс дотоод хадгалах сангийн дор хаяж 10 орчим хувийг сул байлгах нь зүйтэй гэж зөвлөжээ.
Хэрэглэдэггүй апп, давхардсан зураг, том хэмжээтэй видео, татсан файлуудаа үе үе цэвэрлэх нь утасны ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж болно.
Арын горимд хэт олон апп ажиллаж байж болно
Өөр нэг нийтлэг шалтгаан нь хэрэглэгч мэдэхгүй байхад олон апп арын горимд байнга ажилладаг явдал.
Зарим апп мэдээллээ тогтмол синхрончилж, мэдэгдэл шалгаж, системийн үйлчилгээг дахин дахин ажиллуулснаар процессор, батарей болон санах ойн нөөцийг хэрэглэдэг.
Ямар апп хамгийн их идэвхтэй байгааг батарейн хэрэглээний статистикаас харах боломжтой.
Хэрэв тодорхой апп арын горимд хэт их нөөц ашиглаж байвал түүний ажиллагааг хязгаарлах эсвэл шаардлагагүй бол устгах нь зүйтэй.
Виртуал RAM зарим утсанд эсрэгээрээ удаашруулж магадгүй
Сүүлийн үеийн олон Android утсанд RAM Plus, Memory Extension зэрэг виртуал шуурхай санах ойн функц байдаг.
Эдгээр нь дотоод хадгалах сангийн тодорхой хэсгийг нэмэлт RAM мэт ашиглаж, олон апп зэрэг ажиллуулахад туслах зорилготой.
Гэхдээ дотоод флэш санах ой нь бодит RAM-аас удаан байдаг учраас зарим төхөөрөмж дээр энэ функц системийн хариу үйлдлийг сайжруулахын оронд эсрэгээрээ удаашруулах тохиолдол бий.
Тиймээс утас тань удааширсан бол виртуал RAM-ыг түр унтрааж, ажиллагаа өөрчлөгдөж байгаа эсэхийг шалгаж болох юм.
Эрчим хүч хэмнэх горим гүйцэтгэлийг хязгаарладаг
Батарей хэмнэх горим байнга асаалттай байвал утасны гүйцэтгэл буурах боломжтой.
Энэ горим батарейн зарцуулалтыг багасгахын тулд процессорын давтамж, арын горимын ажиллагаа, дэлгэцийн сэргээх давтамж зэрэг үзүүлэлтийг хязгаарладаг.
Иймээс батарей хэмнэх горимыг байнга ашигладаг бол утас удаан ажиллаж байгаа мэт мэдрэмж төрж болно.
Хэрэв батарейн цэнэг хангалттай байгаа бол энэ горимыг унтрааж, гүйцэтгэлд өөрчлөлт гарч байгаа эсэхийг шалгахад гэмгүй.
Системийн анимацыг багасгавал утас илүү хурдан мэт санагдана
Android-ийн хөгжүүлэгчийн тохиргоонд анимацын хурдыг өөрчлөх боломж байдаг.
Ердийн 1× тохиргоог 0.5× болгосноор цонх нээгдэх, апп солих зэрэг шилжилтийн хөдөлгөөн богиносно.
Энэ нь процессорыг бодитоор хурдан болгохгүй ч интерфэйс илүү шуурхай ажиллаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Гэхдээ хөгжүүлэгчийн тохиргоонд санамсаргүй өөр зүйл өөрчлөх нь системийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул зөвхөн анимацын хэмжээг өөрчлөхдөө анхааралтай байх хэрэгтэй.
Ингээд харахад Android утас удааширсан үед шууд шинэ төхөөрөмж авах шаардлагагүй байж болох юм. Хадгалах сангаа суллах, арын аппуудыг хязгаарлах, виртуал RAM болон батарей хэмнэх тохиргоогоо шалгах, анимацыг багасгах зэрэг энгийн өөрчлөлтүүд төхөөрөмжийн ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулж чадна.