Apple компани OLED дэлгэцтэй iMac компьютераа зах зээлд гаргах хугацааг хойшлуулах, бүр бүрмөсөн цуцлах хувилбарыг авч үзэж байна. Шалтгаан нь дэлгэцийн матрицын өртөг өндөр, мөн ийм дэлгэцтэй төхөөрөмжийн эрэлт урьдчилсан тооцооноос сул байгаа явдал гэж Өмнөд Солонгосын The Elec хэвлэл мэдээлэв.
The Elec-ийн мэдээлснээр, компани Samsung Display-тай хөгжүүлэлтийн хуваарийг өөрчлөх талаар аль хэдийн ярилцаж байна.
Өмнө нь органик гэрэл ялгаруулах диод буюу OLED дэлгэцтэй энэхүү бүхэл биет компьютер 2029 эсвэл 2030 онд дебютээ хийх хүлээлттэй байсан. Харин одоо Apple Хятадын BOE зэрэг шингэн болор буюу LCD матрицын нийлүүлэгчдэд дараагийн үеийн компьютерийн дэлгэцийг зохион бүтээх хүсэлт тавьсан байна. Энэ алхам нь илүү үнэтэй OLED руу шилжихгүйгээр уламжлалт LCD технологийг хадгалах магадлалыг харуулж байна.
Гол хязгаарлагч хүчин зүйл нь үнэ. iMac-ийн борлуулалтын хэмжээ iPhone, MacBook-ийнхаас эрс бага тул үнэтэй панель суурилуулбал ширээний компьютерийн жижиглэнгийн үнэ мэдэгдэхүйц өсөх нь гарцаагүй. Үүн дээр санах ойн чип болон бусад эд ангийн үнэ дэлхий даяар өссөн нь нэмэлт санхүүгийн дарамт болж байна.
Шинэ матриц руу шилжихийн эсрэг өөр нэг чухал аргумент нь iPad Pro планшетын зах зээлийн үзүүлэлт байв. 2024 оны загварын iPad Pro нь илүү гэрэлтэй хоёр давхаргат OLED дэлгэцтэй болсон ч үнэ нь мэдэгдэхүйц өндөр байсан нь хэрэглэгчдийн тодорхой хэсгийг холдуулсан бололтой. Эрэлт суларсны улмаас компани эдгээр төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 10 саяаас 6,7 сая ширхэг болтол бууруулахаас өөр аргагүй болсон.
Өмнө нь Samsung Display, LG Display нар 24 инчийн бүхэл биет компьютерын зориулалттай, оргил гэрэлтүүлэг нь 600 нит OLED панелийн прототип бэлтгэж байсан. Samsung Display туршилтын дээжийг 2026 оны хоёрдугаар хагаст захиалагчид хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан бол LG энэ чиглэлийн бүтээлээ аль хэдийн зогсоосон гэж The Elec мэдээлэв.
Брэндийн стратегид удирдлагын дээд шатны өөрчлөлт ч нөлөөлж байна. 2026 оны есдүгээр сард Жон Тернус гүйцэтгэх захирлын албан тушаалд орсны дараа удирдлага үнэтэй дэлгэц нэвтрүүлэх эдийн засгийн үндэслэлийг сайтар жинхэлж байна. Үүний зэрэгцээ инженерүүд iMac болон MacBook Air-д зориулсан матрицыг туршиж байгаа тул энэ технологийг бүрмөсөн орхих нь одоохондоо эрт байна.