Билл Гэйтс хиймэл оюуны талаар ноцтой анхааруулга өглөө

Билл Гэйтс хиймэл оюуны талаар ноцтой анхааруулга өглөө

Microsoft компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гэйтс хиймэл оюуны хөгжлийг хязгаарлаж, удаашруулах шаардлагатай талаар анхааруулжээ. Түүний үзэж буйгаар, хэрэв хүн төрөлхтөн энэ технологид зөв бодлого, хяналтгүй хандвал хиймэл оюуны хор уршиг нь өгөх ашиг тусаасаа давж болзошгүй байна.

Билл Гэйтс хувийн блогтоо нийтэлсэн 6,000 үгтэй урт өгүүлэлдээ хиймэл оюуны эрин үе зөвхөн технологийн ахиц дэвшил бус, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын том сорилт болж байгааг онцолсон байна.

Тэрбээр: “Хиймэл оюун нь нэг бол хамгийн аугаа тэнцвэржүүлэгч хүч, эс бөгөөс шударга бус байдлын хамгийн том эх үүсвэр болно. Хиймэл оюуны үймээн самуунтай эрин үе эхэллээ. Бидний одоо хийх сонголтууд маш чухал” гэж өгүүлсэн байна.

Билл Гэйтс хиймэл оюуны болзошгүй эрсдэлийн талаар анхааруулсан технологийн салбарын анхны нөлөө бүхий хүн биш. Тэр өөрөө өнгөрсөн зууны компьютерын хувьсгалын гол төлөөлөгчдийн нэг байсан бөгөөд энэ салбарын өсөлтөөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болсон юм.

Гэсэн ч Гэйтс энэ зууны хамгийн хүчтэй технологийн хувьсгал гэж үзэгдэж буй хиймэл оюун ухаан нь нийгэмд илүү өргөн хүрээний хор хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр: “Хамгийн сайнаар төсөөлсөн ч хиймэл оюуны шинэ эринд шилжих шилжилт нь хүн төрөлхтний түүхийн хамгийн хүнд цаг үеүдийн нэг байх болно. Гэсэн хэдий ч удирдагчид, мэргэжилтнүүд болон олон нийт үүнд хангалттай бэлдэж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байна. Хиймэл оюун ухааны эринд аюулгүй шилжих төлөвлөгөө бидэнд алга” гэж бичсэн байна.

Гэйтсийн хувьд хиймэл оюун зөв ашиглагдвал асар том боломж авчрах технологи гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Тэрээр анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг салбарт хиймэл оюун ухаан асар их үр өгөөж авчрах боломжтойг онцолжээ.

Гэвч үүний зэрэгцээ ажилгүйдэл нэмэгдэх, хүүхдийн боловсрол болон нийгмийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт этгээдүүд хиймэл оюуныг буруу зорилгоор ашиглах, цаашлаад хиймэл оюун өөрөө санаатайгаар хор хохирол учруулах зэрэг ноцтой эрсдэлүүд байгааг анхааруулсан байна.

Тэрбээр: “Загварууд улам хүчирхэгжих тусам тэд бидний ашиг сонирхлын эсрэг ажиллаж эхлэх, бидний хяналтаас гарах аюул нэмэгдэж байна” гэж Гэйтс анхааруулжээ.

Мөн тэрээр дэлхий даяар хиймэл оюуны хөгжлийг удаашруулах бодит боломж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

“Хэрвээ хэн нэгэн дэлхий даяар хиймэл оюуны хөгжлийг удаашруулах найдвартай төлөвлөгөөтэй байгаа бол би дэмжих байсан. Гэсэн хэдий ч ийм зүйл боломжгүй гэж би бодож байна. Геополитикийн болон эдийн засгийн хөшүүрэг үүнийг улам бүр хурдасгаж байна” гэж тэр бичсэн байна.

Лхагва гарагийн орой CNN сувгийн Андерсон Купертэй ярилцах үеэрээ Гэйтс хиймэл оюуны аюулгүй байдалтай холбоотой санаа зовнилоо дахин илэрхийлжээ.

Тэрбээр: “Тэд одоо кибер халдлагын эрсдэл, био терроризмын эрсдэл, сэтгэл зүйн эрсдэл учруулах чадвартай болсон. Эдгээр загваруудыг хянах тодорхой шалгуур, хор хөнөөлийг багасгах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй байгаа нь намайг үнэхээр айлгаж байна” гэж хэлжээ.

Блогтоо Гэйтс хиймэл оюун болон роботын хэрэглээнд татвар ногдуулж, ажлын байраа алдсан хүмүүст тэтгэмж олгох талаар санал дэвшүүлсэн байна. Мөн зөвхөн хүн хийх ёстой гэж үзэж болох зарим ажлыг хиймэл оюунаар орлуулах үйл явцыг хойшлуулах шаардлагатай гэж үзжээ.

Түүний гол санаа нь хиймэл оюуны хөгжил зайлшгүй урагшилж байгаа ч улс орнууд, бизнесийн удирдагчид, мэргэжилтнүүд үүний нийгмийн үр дагаварт илүү эртнээс бэлтгэх ёстой гэсэн байр суурь юм.

Эцэст нь Билл Гэйтс удирдагчдад хандан дараах анхааруулгыг өгсөн байна.

“Удирдагчдад хандаж хэлэх миний үг бол: Ажилгүйдэл огцом нэмэгдэж, нийгэм хохирч, олон нийтийн итгэл буурахаас өмнө та нарт одоо арга хэмжээ авах боломж байна. Та хиймэл оюун ухаан хүн бүрд ашиг тусаа өгөх боломжийг баталгаажуулж чадна. Мөн та энэхүү үндэсний болон дэлхий нийтийн сорилтыг даван туулахын тулд бусад улс орнуудын засгийн газартай хамтран ажиллаж чадна” гэж Гэйтс бичжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.