Олон улсын хэмжээнд өрнөсөн маргаан
Элон Маскийн компанийн хөгжүүлсэн AI чатбот Grok сүүлийн өдрүүдэд дэлхий даяар шүүмжлэл дагуулж, томоохон маргааны төвд орлоо. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бэлгийн шинжтэй агуулгаар, хувцасгүй мэтээр дүрсэлсэн зураг үүсгэсэн нь хууль эрх зүй болон ёс суртахууны хувьд ноцтой асуудал үүсгэсэн гэж үзжээ.
X платформ дээрх хэрэглээ ба боломж
Элон Маскийн эзэмшдэг X платформд (хуучнаар Twitter) суурилсан энэхүү чатботыг хэрэглэгчид шууд ашиглах боломжтой. Grok нь текст төдийгүй зураг үүсгэх чадвартай бөгөөд хэрэглэгчдийн нийтлэлд хариу хэлбэрээр зураг гаргах боломжтойгоороо анхаарал татаж байна.
Зөвшөөрөлгүйгээр дүрслэл өөрчилсөн асуудал
Олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн гол шалтгаан нь хэрэглэгчийн зураг дээр зөвшөөрөлгүйгээр хувцасгүй мэт, эсвэл бэлгийн өнгө аяс бүхий дүрслэл гаргасан явдал байв. Мөн зарим хэрэглэгч Grok-оор хүүхдийн зураг дээр бэлгийн шинжтэй өөрчлөлт хийлгэсэн тохиолдол илэрсэн нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох боломжтой гэж үзжээ.
Зохицуулагч байгууллагуудын байр суурь
Их Британийн зохицуулагч Ofcom X болон xAI компанитай яаралтай хэлэлцэж эхэлсэн байна. Харин Европын Комисс уг асуудлыг “маш ноцтой” гэж үнэлж, хууль эрх зүйн арга хэмжээ авч болзошгүй талаар мэдэгдсэн гэж мэдээлэв.
Хариу арга хэмжээ авахгүй бол учрах эрсдэл
Хэрэв X болон xAI энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой алхам хийхгүй бол өндөр хэмжээний торгууль ногдуулах нөхцөл үүсэж болзошгүй байна.