OpenAI-ийн инженер хурлын өрөөнд нууц бичлэгийн төхөөрөмж байрлуулсан хэрэгт шалгагдаж байна

OpenAI-ийн инженер хурлын өрөөнд нууц бичлэгийн төхөөрөмж байрлуулсан хэрэгт шалгагдаж байна

OpenAI компанид инженерээр ажиллаж байсан Саудын Арабын иргэн компанийн хурлын өрөөнд яриа нууцаар бичих төхөөрөмж байрлуулсан гэх хэрэгт АНУ-ын хууль сахиулах байгууллагад шалгагдаж байна.

Холбооны Мөрдөх Товчоо 35 настай Абдулрахман Алфозаныг бусдын яриаг нууцаар сонсох зориулалттай төхөөрөмж ашигласан, эсвэл ашиглахыг завдсан гэх үндэслэлээр баривчилжээ. Одоогоор түүнийг ямар зорилгоор бичлэг хийхээр төлөвлөсөн байж болзошгүй нь тодорхой болоогүй байна.

Шүүхэд ирүүлсэн баримтуудад дурдсанаар Алфозан наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 16-ны хооронд хиймэл оюун ухааны туслагчаас OpenAI-ийн хурлын өрөөнүүд болон тэдгээрийг хэрхэн ашигладаг талаар хэд хэдэн асуулт асуусан гэжээ.

Тухайлбал “гадаад түншүүдийн тухай, тэд ихэвчлэн OpenAI-тай хаана уулздаг вэ”, “энэ өрөөнд өнөөдөр болох хурлуудыг жагсааж өгч чадах уу” гэх зэргээр асуусан гэх мэдээлэл шүүхийн материалд багтсан байна.

Мөн есдүгээр сард тэр эхнэрийнхээ ашигладаг чатботоор дамжуулан дуу бичлэгийн төхөөрөмжийг хэрхэн угсрах, байрлуулах болон алсаас хэрхэн хандах талаар мэдээлэл хайсан гэж мөрдөн шалгах тал үзэж байгаа аж.

Нууц төхөөрөмжийг зурагтын ар талаас олжээ

Алфозан тухайн үед OpenAI-д нэг жил орчим ажилласан байсан бөгөөд төхөөрөмж илэрсэн хурлын өрөөнд нэвтрэх, тэнд болох уулзалтуудад оролцох эрхгүй байсныг гомдолд дурджээ.

Тус өрөөнд компанийн “техникийн, арилжааны болон стратегийн маш нууц мэдээлэл”, мөн OpenAI-ийн “засгийн газартай харилцах харилцаа болон арилжааны түншлэл”-ийн талаар хэлэлцдэг байсан гэж шүүхэд өгсөн материалд тэмдэглэсэн байна.

Есдүгээр сарын хяналтын камерын бичлэгт Алфозан уг хурлын өрөөний орчимд найман удаа харагдсан гэжээ.

Есдүгээр сарын 30-нд OpenAI-ийн ажилтнууд хурлын өрөөний зурагтын ард ариун цэврийн цаасаар ороосон, дуу бичлэг хийх зориулалттай гэж үзсэн нууц төхөөрөмжийг илрүүлсэн байна.

Харин аравдугаар сарын 5-нд тус өрөөнд байрлуулсан камерын бичлэгт Алфозан орж ирээд төхөөрөмж байсан зурагтын ар тал руу өнгийж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн гэж мөрдөн шалгах баримтад дурджээ.

Тэр өдөр Алфозан өөр нэг өрөөнд цүнхээ орхисон бөгөөд аюулгүй байдлын ажилтнууд шалгахад өмнө нь илэрсэнтэй төстэй өөр нэг бичлэгийн төхөөрөмж, мөн түүний түрийвч, иргэний үнэмлэх зэрэг эд зүйл байсан гэх мэдээлэл байна.

OpenAI компани энэ асуудлаар:

“Одоогоор тухайн этгээд манай хөгжүүлж буй загварын параметрүүд, эх код, хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эсвэл тэдгээрийг хууль бусаар авсан гэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй”

гэж мэдэгджээ.

Алфозан 2025 оны долдугаар сараас OpenAI-д инженерээр ажиллаж байсан бөгөөд шүүхийн материалд түүнийг АНУ-д боловсрол эзэмшсэн, 2020 оноос хойш тус улсад хууль ёсны байнгын оршин суугчийн статустай байсан гэж дурдсан байна.

Түүнийг аравдугаар сарын 9-нд Холбооны Мөрдөх Товчоо баривчилсан бөгөөд OpenAI мөн өдөр хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ.

Өмгөөлөгч нь яаран дүгнэлт хийхгүй байхыг хүсэв

Алфозаны өмгөөлөгч Уильям Перник:

“Олон тооны америкчуудын нэгэн адил ноён Алфозан олон жилийн өмнө залуу насны мөрөөдлөө даган энэ улсад ирж байсан.

Эдгээр буруутгалууд нь түүний зан чанартай огт нийцэхгүй зүйлс мэт санагдаж байна. Бид юу болсон, хэн хариуцлага хүлээх ёстой, мөн үүний шалтгаан юу байж болохыг ойлгохын тулд эрх баригчдын гаргасан бүх нотлох баримтыг нарийвчлан шалгах болно”

гэж мэдэгджээ.

Тэр мөн:

“Энэ хооронд бид нөхцөл байдал бүрэн тодорхой болох хүртэл ямар нэгэн дүгнэлт хийхгүй байхыг бүгдээс хүндэтгэлтэйгээр хүсэж байна. Бид бүгдийн нэгэн адил ноён Алфозаныг одоогоор гэм буруугүй гэж үзэх ёстой бөгөөд олон нийтэд ил болсон мэдээлэл бол зөвхөн буруутгал төдий зүйл болохоос гэм буруутай нь тогтоогдсон хэрэг биш юм”

хэмээн онцолсон байна.

Алфозаныг цаашид цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал аравдугаар сарын 19-нд товлогджээ.

Холбооны Мөрдөх Товчооны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс гэм буруутай гэж тогтоовол тав хүртэл жил хорих ял болон 250 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулах боломжтой гэж мэдээлжээ.

Одоогоор түүнд тавьсан буруутгалууд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.